Tuesday, October 9, 2012

Дорноговийг Эрдэнэт, Дархан хотын хэмжээнд хөгжүүлнэ

Дорноговь аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ямар нэгэн аймаг биеэ даагаад, дотоод нөөц боломж, бололцоогоо ашиглаад, газар орныхоо онцлогт тохируулаад хэрхэн хөгжиж болдгийг Дорноговь харуулж байна. Аймгийн төв Сайншандаас 18 км-т Дорноговь гэх бичигтэй, гад­на дот­ныхныг  угтан авч, үдэн  гаргах хүндэтгэлийн цагаан хаалгыг “80 бүтээлч ажил”-ын хүрээнд барьж байгуулжээ. Бид аймгийн төвөөс энэ хаалга хүртэл шинээр ашиглалтад орсон алтан шар замаар  дав­хисаар хүрлээ. Ийн давхиж байхдаа тэр замын сайхныг уулга алдан шагшин магтсаар таарав.
Хөдөө хээр гэлтгүй замын тэмдэг тэмдэглээг нь хүртэл ном журмынх нь дагуу тавьжээ. Чухам энэ замаар хараа цуцам талыг туулахуй нь юутай таатай вэ. Хэмжээлшгүй их амар амгалан сэтгэлийг эзэгнэж, хөдөө талд ч хөгжил байж болдгийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрлээ. Энэ зам бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх босоо тэнхлэгийн мянганы зам. Хөгжлийг тодорхойлогч чухал зүйл. Бид Улаанбаатар руу буцахад гадаа харанхуй болж, Сайншанд хотын гэрэлтүүлэгтэй танилцах боломжийг олгосон юм. Хотын өнгө үзэмж, гэрэлтүүлэгтээ ихэд анхаарч, гадна дотноос ирсэн жуулчид, зочдод хөгжиж байгаагаа бардамаар гэрчлэх шиг. Энэ мэтчилэн Сайншанд хотод өнгөрсөн жилүүдэд нэлээн хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөчихөж. Өнгөрсөн жил аймгийн 80 жилийн ой тохиож, 80 бүтээлч ажил хийхээр төлөвлөж олон ажил хийжээ. Эдгээрийн нэг нь дээр дурдсан хүндэтгэлийн хаалга. Дорноговь хэмээн аймгийнхаа нэрийг бичсэн 24 метр урт, 12 метр өндөр, 16 хос багана бүхий энэ хаалга аймгийн төвөөс хол баригдсан нь ирээдүйд Сайншанд хот улам өргөжин тэлэх төлөвлөгөөг тооцсонтой холбоотой ажээ. Дараа нь бид “Дорноговь 80” цогцолбортой танилцлаа. Аймгийн төв Ар, Өвөр шанд гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү цогцолборыг энэ хоёр Шандын заагт барьж, хүмүүсийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болжээ. Цогцолборт сүүдрэвч, танктай хөшөө, Д.Данзанваанчиг баатрын хөшөө гээд түүх өгүүлэх зүйлс ч цөөнгүй байна. Бид “Дорноговь 80” цогцолборын төдийгүй аймгийн хамгийн өндөр цэг болох танктай хөшөөний талбайд гарч, хөгжиж буй Дорноговийн ерөнхий дүр зургийг ажлаа. Энэ цогцолборыг өнөөх л 80 бүтээлч ажлынхаа хүрээнд орон нутгийн төсвөөр 100 сая төгрөгөнд барьж байгуулжээ. Цаашдаа уг цогцолборт аймгийн есөн гайхамшгийг жижиг хувилбараар хийж аймгаа сурталчлах гээд тохижуулалтын ажил өрнөнө гэсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяа болон аймгийн ерөнхий архитектор Г.Бат-Ирээдүй нар бидэнд бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, чихэнд сонсголон­той мэдээллийг хүргэж байсан юм. Шинээр гал голомтоо бадрааж байгаа хосууддаа зориулан өв соёл, хүндэтгэлийн өргөөг барьж ашиглалтад оруулсан байна. Гол зориулалт нь шинэ гэр бүлд чиглэсэн боловч энэ өргөөнд ахмадын хороо, иргэний бүртгэл мэдээлэл, олон улсын болон төрийн бус байгууллагууд ч байх ажээ.

Сайншанд сум Ерөнхий боловсролын 12 жилийн дөрвөн сургуультай бөгөөд энэ сарын 2-нд шинээр будаг нь ханхалсан тав дугаар сургууль нээлтээ хийж, сурагчдаа хүлээн авсан байна. Бид аяллынхаа хүрээнд энэ сургуулиар ороод гарлаа. Улсын төсвөөс 1.997 тэрбум төгрөг гаргаж бүтээсэн уг сургууль 920 хүүхдийн суудалтай, 45 багш, ажилчинтай. Одоогоор 31 анги бүлэгт 977 хүүхэд суралцаж байгаа аж. “Бид ямар ч байсан шинэ сургуультай болж, бусад сургуулиудынхаа ачааллыг багасгах гээд сайшаалтай зүйл их байгаа ч цаашид нэмж тохижуулах ажил ундарч байна” хэмээн сургуулийн захирал Б.Оргилбаяр онцолж байлаа.

Ойрын жилд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ашиг­лалтад орох учраас тус аймаг үсрэнгүй хөгжиж 100 гаруй мянган  хүн амтай Эрдэнэт, Дархан хотын хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Тиймээс энэ хөгжил, хүн амын өсөлтийг дагаад хот байгуулалт, дэд бүцтийн асуудлыг ч шийдэх хэрэг гарна. Тэгвэл энэ бүтээн байгуулалт хэдийнэ эхэлж, аймгийнхаа барилгын компани, аймгийнхаа залуусыг шинэ хороолол хотхон барих ажилд гар бие оролцуулсан нь ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлээ дэмжих гээд үр өгөөжээ өгсөн байна. Дорноговь аймагт байрны үнэ ам.метр нь хамгийн дээд тал нь 770 мянга. Аймгийн удирдлагууд иргэдийг орон сууцжуулахад хүндрэлтэй ямар асуудал байгааг судалж үзээд хэд хэдэн гарц олж, хэрэгжүүлсэн нь өнөөдрийн энэ үр дүн билээ. Тухайлбал, нэг өрхийн дундаж орлого орон сууцны зээлийн шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй байжээ. Тиймээс орон сууцны үнийг бүрдүүлдэг газар, дэд бүтэц, барилгын материал, ажиллах хүчний тооцооллыг судалж байгаад орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс тодорхой хөнгөлөлт үзүүлж болохуйц газрын үнийг тэглэн, гол магистрал шугамыг төсвийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн байна. Тэгээд орон сууц барихад нутгийнхаа барилгын компаниудын оролцоог хангах зорилгоор барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудаа дэм­жин ажиллажээ. Үүний үр дүнд өнгөрсөн онд барилга угс­ралтын “Эвийн гэрээ”, “Нэгдсэн Монгол”, “Монголт” компаниуд нэгдэн Дорнын барилга консерциумыг бай­гуулан ажил­лаж байгаа хэрэг. Ингээд дотоо­дынхоо нөөц боломж, нутаг орныхоо давуу талыг ашиглан бүтээн байгуулж буй Нарлаг шанд хорооллын ихэнх хэсгийг нь ашиглалтад оруулсан байна.

Ийнхүү Дорноговь аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажлыг дурдаад байвал дуусашгүй нь. Ямар ч байсан Хамрын хийд үзэх аяллынхаа хүрээнд Дорноговь аймгийн хөгжил цэцэглэлттэй танилцсан нь завшаантай хэрэг.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага