Thursday, October 11, 2012

Хутагтын нутгийн их бүтээн байгуулалт

Дорноговь аймагтай танилцах  “Өдрийн шуудан” сониныхны аялал аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзаж, оройн зоог барьснаар өндөрлөсөн юм. Уулзалтын үеэр П.Ганхуяг дарга аймагтаа хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн бодлогынхоо тухай тодорхой зүйлийг ярив. Тэрбээр “Бид говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийнхаа буянд сайхан амьдарч байна хэмээгээд бидний хөгжлийн түлхүүр бол зөвхөн уул уурхай, аж үйлдвэр биш. Энэ салбар тодорхой хугацаатай. Харин дуусашгүй, эргэн нөхөгддөг баялаг буюу аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх системдээ орж байна. Тэгээд дараа нь уул уурхайгаа хөгжүүлж гурван том баганатайгаар цааш явна. Дөрөв дэх нь хүний хөгжлийн асуудал гэдгийг хатуу баримталж байгаа” хэмээн ярьсан нь сонирхол татсан юм.
Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал илүүтэй хөгжиж, нийт жуулчдын 80 хувийг монголчууд эзлэх болжээ. Бүр нарийвчилбал, 2008 онд 12 мянга, 2010 онд 17 мянга, 2011 онд 21 мянга болж өссөн бол энэ онд урьдчилсан байдлаар 30 гаруй мянгад хүрсэн байна. Жуулчдын тоо нэмэгдсэнээр замын цайны газарт хооллох, зочид буудалд байрлах гээд иргэдийн амьжиргааг дэмжиж, нийгэм эдийн засгийг чадваржуулдаг ажээ. Дорноговьд ийнхүү шашин мөргөлийн аялал жуулчлал ихээр хөгжиж буй учраас аймгийн төвөөс Хамрын хийд хүрэх 42 км засмал замыг улсын төсвөөр барьж байгуулж, ирэх онд ашиглалтад оруулах гэнэ. Мөн хийдээс хүсэл биелүүлэгч Хамбын зүрх уул хүртэл хатуу хучилттай зам барих, төмөр зам дээгүүр гарам барьж бүх төрлийн автомашин зорчих боломжийг хангах гээд олон ажил төлөвлөжээ.

Хамрын хийдийн чанх урд сүндэрлэх 32 метрийн өндөр, 32 метрийн диаметртэй Өвгөн суваргыг өнгөрсөн онд шинэчлэн байгуулжээ. Дээрээ соёмбо тэмдгээ хүндэтгэлтэйгээр залсан уг суваргыг хутагтын үед байгуулсан бөгөөд хамгийн анхдагч нь байсан учир ийн нэрлэсэн гэдэг. Төр төвшин бол түмэн олон амгалан байхыг бэлгэдсэн энэхүү суварга доторх бурхдыг харахад чулуугаар хийсэн гэмээргүй өвөрмөц нарийн бүтээсэн байна. Гадна дотны жуулчид зун гэлтгүй өвөл цагт ч зочилж болно. Учир нь шалнаасаа халдаг технологийг ашигласан хэрэг. Энэ бол аймагтаа хийсэн бүтээн байгуулалтын нэг нь бөгөөд орон нутгийн төсвийн дэмжлэгтэйгээр хоёр тэрбум төгрөгт бүтжээ. Зөвхөн үүгээр Дорноговийн аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх ажил дуусаагүй. Цаашид аялал жуулчлалын цогцолбор бий болгох ажлын хүрээнд жуулчны баазууд байгуулах, Хөвсгөл сумын нутагт “Үзсэнээр гэтэлгэгч бат цагаан их суварга” барих гээд хөгжилд хөтлөх ажил их байгаа ажээ.

Сайншанд сум газар зүйн байрлал, дэд бүтцээрээ маш онцлог бөгөөд Монголын томоохон орд газруудтай ойр байдгийг ашиглан Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах ажил 2013-2017 онд өрнөнө. 2009 оноос салбарын яамтай хамтран судалгааны ажлыг эхлүүлж, техник эдийн засгийн үндэслэл, мастер төлөвлөгөө Засгийн газраар баталгаажуулаад амжжээ. Үүний үр дүнд Засгийн газрын 215 дугаар тогтоол гарч, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ТӨХК-ийг ойрын үед байгуулахаар шийдвэрлэсэн байна. Уг цогцолборт жилдээ хоёр сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай коксын үйлдвэр, 450 мянган тонн катодын зэс, 1.39 сая тонн хүхрийн хүчил, 15 тонн алт, 96 тонн мөнгө боловсруулах хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр, 4.5 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой үрлэн төмрийн үйлдвэр, нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр Сайншандад сүндэрлэнэ. Уг цогцолборыг барьж байгуулахад 9.3 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Энэхүү нүсэр бүтээн байгуулалттай холбогдож 10 мянга гаруй ажлын байр бий болж, Сайншандын хүн ам 50 мянгад хүрнэ гэсэн тооцоо байна. Тиймээс аймгийн удирдлагын зүгээс баримталж буй хүний хөгжлийн бодлогын хүрээнд ажиллах боловсон хүчинг аймагтаа бэлтгэх зорилгоор Төмөр замын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан байна.

Аж үйлдвэрийн цогцолбортой уялдаж Тавантолгой-Сайншанд чиглэлийн 229.5 км төмөр зам тавих ажил мөн эхэлжээ. Аж үйлдвэрийн цогцолборын эхний үйлдвэрүүд ашиглалтад орох үед уг төмөр зам тээврээ эхэлсэн байхаар төлөвлөсөн байна. Энэ бол Монгол Улсын хэмжээнд эдийн засаг өсөх, ажлын байр бий болох, нэмүү өртөг бүтээх томоохон төсөл болж байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үүднээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажил өрнөж буй ажээ. Энэ ажлыг төрөөс дэмжиж, Сайншандаас урагш газар тариалан, фермерийн аж ахуйн бүсийг байгуулж, эрчим хүчний гол шугам барих, худаг гаргах зардлыг санхүүжүүлсэн байна.

Үүнээс гадна Тавантолгой-Ханги боомт чиглэлийн автозам, “Айл баян”-ийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулах, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хурдны зам барих, Эрдэнэ суманд нисэх онгоцны буудал, орчин үеийн Ханги хилийн боомт, Айраг суманд ачаа тээврийн логистик төв, үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн, байгальд ээлтэй хотхон, шинэ Сайншанд хороолол, Хар тойрмын аэродромыг түшиглэн нисэх онгоцны буудал байгуулах гээд “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд олон ажил ундрах нь.

Ийнхүү Дорноговь аймагт хөгжлийн галт тэрэг нэгэнтээ хөдөлж, одоо хурдаа аван зүтгэсээр байна. Монгол Улсыг зөв хөгжүүлэхэд тус аймгийнхан ийн сэтгэж, хөдөлмөрлөж, бүтээжээ. 
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага