-Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Ийм үр дүнг бий болгохын тулд ямар арга хэрэглэв?
-2008 оны орон нутгийн сонгуульд дорноговьчууд анх удаа Ардчилсан намд итгэл хүлээлгэж, энэ аймгийг удирдах хариуцлагатай бөгөөд, хүндтэй үүргийг хүлээлгэсэн. Бид сонгуульд ялалт байгуулсны дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Тэгэхдээ хэтийн төлөв, болж өгвөл ирээдүйгээ 30 жилээр харж төлөвлөлтөө хийсэн. Ингэснээр дараагийн сонгуулийн үр дүнгээр өөр нам эрх барилаа ч өмнөхөө үгүйсгэдэг байдлаас гарна гэж бодсон. Энэ дагуу нэлээн ажил хийлээ. Бодлого төлөвлөлтийг хийхийн тулд зөвхөн өөрийнхөө аймаг орон нутгийг харахгүй. Дорноговьтой хөрш аймгууд яаж хөгжих юм, тэдэнтэйгээ дэд бүтцээр хэрхэн холбогдох вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Мөн манай аймаг Өвөрмонголтой 600 км газар хил залгаа байдаг. Энэ 600 км хилийн цаана юу байна, ямар хөгжлийн бодлогыг түүнтэй уялдуулах ёстой вэ гэдгийг харлаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах ёстой. Энэ бүхнийг гол зарчмаа болгож, аймгаа хөгжүүлж байна.
Манай аймагт хэрэгжих олон том төсөл арга хэмжээг УИХ, Засгийн газраас баталчихсан байгаа. Тухайлбал төмөр замын бодлого дотор өөрийнхөө аймгийг оруулж чадлаа. Монгол Улсын хэвтээ, босоо хоёр төмөр зам манай аймагт огтлолцож байгаа. Ингэснээр маш том хөгжлийн тэнхлэг наашаа ирнэ гэсэн үг. Хоёрдугаарт одоогийн байдлаар манай улсын газар доорх баялаг түүхийгээрээ гадаадад гарч байгаа. Ингэж гаргах нь ашиггүй, үүнийг зогсоох хэрэгтэй, байгаль орчныг сүйтгэхээс хэтрэхгүй гэдгийг бүх хүн шүүмжилдэг. Үүнийг хязгаарлах нэг арга нь түүхий эдээ бүтээгдэхүүн болгох юм. Энэ том концевцийн хүрээнд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих шийдвэр дээд түвшиндээ батлагдсан.
-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажил ямар шатандаа явж байна?
-Ажил эхэлсэн. Энэ хүрээнд тав, зургаан үйлдвэр байгуулна. Эрдэнэт үйлдвэртэй харьцуулшгүй, том бүтээн байгуулалт хийх гэж байна. Ингэснээр газар доорх баялгаа түүхийгээр нь биш эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлох юм. Мөн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох үе шатыг дагаад маш их технологи орж ирэх төдийгүй манай залуучууд орчин үеийн, өндөр тоног төхөөрөмж дээр ажиллах, цаашлаад дэлхийн хэмжээний цалин авах нөхцөл бүрдэх юм. Мэдээж хүмүүсийн авдаг цалин нэмэгдэж, амьжиргаагаа дээшлүүлэх, ажлын байртай, иргэдээ боловсролтой болгох үйл явцыг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой уях ажлыг орон нутаг нэлээн санаачлагатай хүлээн авч, бэлтгэл ажлаа хийж байна.
-Танай аймагт хувийн Төмөр замын коллеж байгуулсан нь үүнтэй холбоотой байх нь ээ?
-Төмөр зам байгуулахтай холбогдуулан аймагтаа хувийн Төмөр замын коллеж байгуулах ажлыг дэмжсэн. Иймэрхүү ажлыг хийх ёстой. Мэдээж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар дагалдах жижиг үйлдвэрүүд маш олноор бий болно. Энэ ч утгаараа оёдлын жижиг цехийн инкубатор төв байгуулсан. Ингэснээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт ажиллах олон мянган хүний ажлын хувцсыг өөрсдөө хийх юм. Өмнө нь Дорноговийн барилгын компаниуд жижиг бригадууд болчихсон байсан. Эднийгээ нэгтгэж дэмжээд, орон нутгийн төсвөөр дэд бүтцийг нь хийж өгсөн. Иймээс дэд бүтэц дээр суурилан Дорноговийн барилгын компаниуд орон сууц барих, борлуулах эрхийг нь олголоо. Ингэснээр хэд хэдэн барилгын компани гарч ирж, аймагтаа орон сууцны томоохон хорооллыг барьж эхэллээ. Эдгээр компаниуд цаашдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд баригдах үйлдвэрүүдийг босгоно. Энэ мэт шат дараалсан бодлогоор ирээдүйгээ төлөвлөж байна.
-Дорноговь аймагт байдаг бас нэгэн давуу тал бол аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж гэж харж байна. Энэ салбарыг хөтчөө болгохын тулд орон нутгаас ямар төлөвлөгөө боловсруулж байна?
-Дэлхий нийтээрээ дуусдаг баялгаас илүү дуусдаггүй баялгаараа хөгжих гэж эрмэлздэг болж. Бид өнөөдөртөө газар доорх баялгаа боловсруулах тухай яриад явж байна. Гэхдээ дуусдаггүй баялгаа хөгжүүлдэг дэлхий нийтийн чиг хандлагатай хамт явах ёстой юм.
Үүний нэг нь аялал жуулчлал. Энэ салбарыг хөгжүүлэхэд манай аймагт түүхийн маш том дурсгалт газрууд байна. Үүнийгээ сэргээн гадаад, дотоодын жуулчдыг татах хэрэгсүүр болговол байгалиа сүйтгэхгүйгээр орлого олох боломж байна. Дээрээс нь аялал жуулчлалыг даган жижиг гар урлал хөгжих боломжтой. Би Засаг даргаар томилогдож ирснийхээ дараа Япон улс руу аялал жуучлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр дөрвөн залууг явуулсан. Ингэхдээ Японы Элчин сайдын яаманд хүсэлт гаргаж байгаад “Жайка”-гийн шугамаар явуулсан юм. Тэд эргэж ирээд “Дорноговь аймгийн аялал жуучлалыг яаж хөгжүүлэх вэ” гэсэн төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Бас нэг хөгжлийн том салбар бол мал аж ахуй. Энэ бас л дэлхийн дуусашгүй баялгийн нэг. Ноос, ноолуур, сүү цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир гээд оргинал зүйлүүд энд байна. Энэ бүхнийг “чулуу” болгохын тулд мэдээж хүний хөгжлийн асуудал тавигдана. Боловсон хүчнээ бэлтгэхгүйгээр хөгжлийн тухай яриад хэрэггүй шүү дээ.
-Дорноговь аймагт ажилгүйдэл хэр байгаа вэ?
-Өнгөрсөн жил Ерөнхий сайдыг ирэхэд манай аймгийн ажилгүйдэл хоёр дахин нэмэгдчихлээ гэж танилцуулсан. Гэхдээ би үүнийг сайн тоо гэж хэлсэн. Гэтэл ажилгүйдэл нэмэгдчихээд байхад юу яриад байна вэ гээд гайхаж байлаа. Энд бид ажилгүй хүмүүсийг сурган, ажилд зуучлана шүү гэх сурталчилгааг хүчтэй явуулсан. Тэгэхээр ажилгүй мөртлөө бүртгэлгүй байсан иргэд хандаад эхэлж байгаа юм. Бүртгэлд ороогүй хүмүүсийг зуучилж ажилд оруулах боломж байхгүй. Ингээд бүртгэл сайжрахаар, ажилгүй иргэдийн тоо бодитоор гараад ирсэн. Одоо бол ажилгүй иргэдийн тоо байнга буурч байгаа. Хүмүүс нэмж бүртгүүлээд л ажилд зуучлуулаад ордог. Өмнө нь аймгийн төвийн гудамж, талбайг цэвэрлэх нийтийг хамарсан ажил хийгээд өдрийн арван мянган төгрөг авдаг хүмүүс одоо олдохоо больсон. Яагаад гэвэл орон нутагт барилгын салбар хөгжөөд өдрийн 20 мянгаас доошгүй төгрөгний цалин авч байгаа. Тиймээс ч орлого багатай салбаруудаа сургах шаардлага тулгарч байгаа юм. Гэхдээ бид хүмүүсээ сурган, бэлтгэж байгаад ажилд зуучлах ёстой.
Сумын Засаг дарга нар орж ирээд “Манай суманд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгсэн мөртлөө сумын иргэдийг ажилд авахгүй байна. Энэ уул уурхайнхныг жаахан чангалаад өгөөч” гэж хэлдэг. Энэ бол буруу. Яагаад гэвэл уурхайн компаниуд ажлаа хийхийн тулд чадвартай хүнийг л авна. Тиймээс “Та нар ажил хийх гээд байгаа тэр залуучуудаа нааш нь аваад ир. Энд мэргэжил сургалтын төвүүдэд үнэгүй сургаад өгье” гэдэг. Мэргэжилтэй болсон хүмүүсийн аваад очиход тэр уул уурхайн компаниуд хаа холоос хүмүүс авч ирж байр орон сууцаар хангаж ажиллуулахаас илүү орон нутгийн иргэдийг авахыг илүүд үзнэ шүү дээ. Тиймээс залуучуудаа мэргэжилтэй болгох хэрэгтэй байна.
-Танай аймагт шилжилт хөдөлгөөн ямар байгаа бол?
-Их байсан. Урагшаа Замын-Үүд, хойшоо хот руу шилждэг байлаа. Сүүлийн үед эргээд аймаг руу чиглэж байна. Яагаад гэвэл Дорноговь аймгийн хэтийн хөгжил тодорхой болчихлоо. Цаашдаа бид сумыг хөгжүүлж, тэнд иргэд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Би ганцхан жишээ хэлье. Зарим үүрэн холбооны компанийн дэмжлэгээр бид аймгийнхаа дөрвөн сургуулийг цахим болгосон. Өөрөөр хэлбэл тус компанийн өндөр хурдны интернэтийг оруулж ирээд, Улаанбаатарын 84-дүгээр сургуулийн багш нараар сургалт явуулсан. Ингээд манай сумын дөрвөн сургуулийн багш бүгд цахимаар хичээл заадаг боллоо. Ингэснээр хүүхдүүдийн идэвхи ч дээшилсэн. Дээрээс нь багш нар интернэтээр сургалтад хамрагдан, Улаанбаатарын багш нарын хэмжээнд ур чадвартай ажиллах боломж бүрдэж байгаа юм.
-Та анзаарсан байж магадгүй. Сүүлийн үед гадаадад амьдарч байгаа монголчууд олноороо буцаж ирж байна. Танай аймагт яаж байна?
-Ирж байна. Ер нь бол манайхаас Орос, Япон, Солонгос зэрэг улс руу яваад эргэж ирж буй хүмүүс их бий. Яагаад гэвэл энд ажиллах боломж байна. Ялангуяа бизнес эрхлэх. Би өөрөө Японд олон жил болсон. Тэнд монголчууд олон төрлийн ажил хийдэг. Сардаа 700 ам.долларын цалин л авах гэж монголчууд маш хүнд нөхцөлд ажилладаг. Гэтэл энд тэр хэмжээний цалин бол ердийнх болсон байна. Уурхайд ажиллаж байгаа залуучуудын цалин нэг саяас буухгүй. Тиймээс гэр орноосоо хол, харь улсад ажиллах гэж зүтгэх хэрэггүй болжээ.
No comments:
Post a Comment