Friday, December 14, 2012

Тендер зохион байгуулсан мэдээлэл

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо бүрт  аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ахмадын холбоо, Ажил олгогч эздийн холбоо, “Монгол-Овог” ТББ, Монголын СӨХ-ний салбар зөвлөл, Малын индексжүүлсэн даатгал төсөл  зэрэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүдээс  тогтмол оролцуулж хэвшсэн.
Мөн Монгол улсын төсвийн тухай хуулиар батлагдсан  болон салбар яамдын сайдаас эрх шилжиж ирсэн 26, аймгийн ИТХ-аар батлагдсан 45 хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн аймгийн Засаг даргаар батлуулж Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт аймгийн Засаг даргын албан бичгээр  хүргүүлсэн. Мөн www.dornogobi.gov.mn болон  Санхүү, төрийн сангийн хэлтсийн www.dornogobi-stsan.blogspot.com зэрэг цахим хуудсуудад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нийтлэн ил тод байдлыг хангаж ажилласан.

Thursday, December 13, 2012

Хичээлийн жилийн бүтцийг шинэчилсэн тухай

БШУСайдын 2012.12.11-ний А/175 тоот тушаалаар ЕБСургуулиудын 2012-2013 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байна.
Үүнд:   Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013.01.14-нөөс 5 долоо хоног дунд ангийн сурагчид 2013.01.28-наас 3 долоо хоног ахлах ангийн сурагчид  2013.02.04-нөөс эхлэн 2 долоо хоног амарна.
Хөдөөгийн сурагчдын 3-р улирлын хичээл "Цагаан сар"-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.
Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012.12.31-нээс  5 долоо хоног,  дунд ангийн сурагчид  2013.01.14-нөөс эхлэн 3 долоо хоног,  ахлах ангийн сурагчид 2013.01.21-нээс  эхлэн 2 долоо хоног амарна.  Нийслэлийн сургуулийн бүх ангийн  сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013.02.04-нөөс орно.

Ахуйн үйлчилгээний шинэ төв нээгдлээ

Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар сумдад ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулна гэсэн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд Ахуйн үйлчилгээний шинэ төв 2012.12.06-ны өдрийн морин цагт үүд хаалгаа нээлээ.

Аймгийн аварга тогооч шалгаруулах IV уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Аймгийн аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн IV уралдаан 2012.12.08-ны өдөр аймгийн МСҮТ-тйин хоол үйлдвэрлэлийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Уралдааныг аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, МХГ, МСҮТ, аймгийн Тогооч нарын холбоо  хамтран зохион байгуулсан ба  уралдаанд 3 сумын цэцэрлэг, сургууль, зоогийн газрын 13 тогооч, МСҮТ-ийн тогоочийн ангийн оюутан нийт 14 тогооч оролцлоо. Тэмцээнийг хүүхдийн хоол, зоогийн газрын хоол гэсэн 2 төрөлд зохион байгуулсан ба хүүхдийн хоолны төрөлд Сайншанд сумын 1-р цэцэрлэгийн тогооч Э.Баярцэцэг, зоогийн газрын хоолны төрөлд Замын-Үүд сумын "Green corner" зоогийн газрын тогооч П.Наранбаатар нар шалгарлаа. Мөн Гэрийн даалгаврын шалгаруулалтад Сайншанд сумын "Сор" зоогийн газрын тогооч Б.Мөнхцэцэгийн "Шинэ жил", Иххэт сумын цэцэрлэгийн тогооч Ц.Одончимэдийн "Урц" бүтээлүүд шалгарлаа.  Уралдааны зардалд аймгийн ХХААЖДҮГ-ын хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 400,0 мян.төгрөгийг гаргаж санхүүжүүллээ.

Thursday, November 15, 2012

Үсчин Г.Нарантогтох Азийн тэмцээнээс Тусгай байрын шагнал хүртлээ.

Индонези улсын нийслэл Жакарта хотноо 2012 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохиогдсон Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын 16-р тэмцээнд Сайншанд сумын "Дөлгөөн-XXI" салоны үсчин Г.Нарантогтох эмэгтэй тайралтын төрөлд амжилттай оролцож Тусгай байр эзэллээ.
Тус тэмцээнд Индонези, Солонгос, Малайз, Монгол, Тайланд, Тайвань, Филиппин, Хятад, Шриланк, Япон зэрэг улсын 100 гаруй үсчин, гоо засалчид оролцсон ба Монгол Улсаа төлөөлөн УБ хот, Дорноговь, Өмнөговь, Завхан аймгаас 17 үсчин, гоо засалчид оролцож 1 гоо засалч, 3 үсчин Тусгай байр эзэлжээ.

Tuesday, November 13, 2012

А.Гансүх сайд Дорноговь аймагт ажиллаа


Зам, тээврийн сайд А.Гансүх албаны хүмүүсийнхээ хамтаар энэ сарын 11-13-нд орон нутагт ажиллаа.  Шинэчлэлийн Засгийн газар танхимынхаа сайдуудыг харьяа байгууллагын ажил байдалтай амралтын өдрүүдэд танилцаж ажиллахыг үүрэгдсэн билээ. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо салбарын сайдыг “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирэхэд сумын Засаг даргын тамгын газрынхан хүлээн авч, сумаа хөгжүүлэх төлөвлөгөө болон орон нутагт баригдах авто замын талаар танилцуулсан юм.

Friday, November 9, 2012

Зүүн бүсийн зуны уралдаан Дорноговь аймагт болно

Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Дүнжингарав-2011” Төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хангайн бүсийн хаврын уралдааныг Булган аймагт, Зүүн бүсийн хаврын уралдааныг Багануур дүүрэгт гуравдугаар сарын 5-ны өдөр, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай гэжээ.

Sunday, November 4, 2012

4:11 уулзалт Дорноговьд болно

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн “4:11 уулзалт” ирэх долоо хоногт Дорноговь аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Эл уулзалтаас сэтгүүлчид сарын хугацаанд Ардчилсан нам ямар ажил хийсэн талаар намын удирдлагуудаас бүрэн дүүрэн мэдээлэл авдаг юм. Харин энэ сарын 4:11 уулзалт орон нутгийн сонгуулийн өмнө болж буй. Ингэхдээ Дорноговь аймгийг сонгосон нь 2008 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлж ирсэн учраас ийнхүү билигшээж сонгожээ.  Сэтгүүлчид 4:11 уулзалтад оролцохдоо Дэлхийн энергийн төв Хамрын хийдээр аялаад буцах юм байна.

Sunday, October 21, 2012

Өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадам

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, “ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ” Ц. СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН ХI НААДМЫН МЭДЭЭЛЭЛ
Хүүхэд өсвөр үеийнхэнд ардын бүжгийн болоод Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн уран бүтээлийн арвин санг өвлөн уламжлуулах, хүүхдийн сэдэвтэй бүжгийн урын санг баяжуулах зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадмыг 10 сарын 12-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Thursday, October 11, 2012

Хутагтын нутгийн их бүтээн байгуулалт

Дорноговь аймагтай танилцах  “Өдрийн шуудан” сониныхны аялал аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзаж, оройн зоог барьснаар өндөрлөсөн юм. Уулзалтын үеэр П.Ганхуяг дарга аймагтаа хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн бодлогынхоо тухай тодорхой зүйлийг ярив. Тэрбээр “Бид говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийнхаа буянд сайхан амьдарч байна хэмээгээд бидний хөгжлийн түлхүүр бол зөвхөн уул уурхай, аж үйлдвэр биш. Энэ салбар тодорхой хугацаатай. Харин дуусашгүй, эргэн нөхөгддөг баялаг буюу аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх системдээ орж байна. Тэгээд дараа нь уул уурхайгаа хөгжүүлж гурван том баганатайгаар цааш явна. Дөрөв дэх нь хүний хөгжлийн асуудал гэдгийг хатуу баримталж байгаа” хэмээн ярьсан нь сонирхол татсан юм.

Tuesday, October 9, 2012

Дорноговийг Эрдэнэт, Дархан хотын хэмжээнд хөгжүүлнэ

Дорноговь аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ямар нэгэн аймаг биеэ даагаад, дотоод нөөц боломж, бололцоогоо ашиглаад, газар орныхоо онцлогт тохируулаад хэрхэн хөгжиж болдгийг Дорноговь харуулж байна. Аймгийн төв Сайншандаас 18 км-т Дорноговь гэх бичигтэй, гад­на дот­ныхныг  угтан авч, үдэн  гаргах хүндэтгэлийн цагаан хаалгыг “80 бүтээлч ажил”-ын хүрээнд барьж байгуулжээ. Бид аймгийн төвөөс энэ хаалга хүртэл шинээр ашиглалтад орсон алтан шар замаар  дав­хисаар хүрлээ. Ийн давхиж байхдаа тэр замын сайхныг уулга алдан шагшин магтсаар таарав.

Tuesday, October 2, 2012

“Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ

Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ. Нээлтийн тоглолтдоо зохиолч А.Баярсайханы “Нарыг хэн хулгайлсан бэ” хүүхдийн жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Эх орондоо харих болтугай” драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан байна. Мөн Н.Ганхуягийн зохиол, Н.Пүрэвдоржийн найруулга “Амьдрал тэнцүү томъёо”, “Хайртыгаа битгий мартаарай” драмын жүжгүүдийг өнгөрсөн амралтын өдрөөр тогложээ.
Х.ЭРДЭНЭБУЛГАН

Monday, October 1, 2012

160 сая төгрөгийн тоног, төхөөрөмж гардуулав

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дорноговь аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төвд 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлснийг аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс гардан авчээ. Сайншандын 1-р сургууль, Айраг, Хөвсгөл сумын 10-р сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж, есөн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, Сайхан дулаан, Эрдэнэ, Хөвсгөл, Улаанбадрах сумын соёлын төвд 20 гаруй сая төгрөгийн хөгжмийн иж бүрдэл өгсөн байна. Мөн есөн суманд 12 сая төгрөгийн үндэсний хөгжим, Замын-Үүд, Зүүнбаян суманд 11 сая төгрөгийн электрон самбар олгосон байна.
Х.Эрдэнэбулган /Дорноговь/

Thursday, September 20, 2012

Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлэв

ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 50 жилийн ойд зориулсан наадам есдүгээр сарын 20-нд Сайншанд хотод болж өнгөрлөө. Ойн барилдаанд аймаг сумын цолтой 32 бөх зодоглосноос Дорноговь аймгийн Мандах сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээ, "Төмөр транс" ХХК-ний бөх аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, Өргөн сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн начин С.Дорждагва үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Л.Шинэбаатар, Завхан аймгийн харъяат сумын заан Мөнхтогтох нар шалгарчээ.

Monday, September 17, 2012

Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулав

Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Дорноговь түншлэл-2012”, “Шилмэл мал-2012” үзэсгэлэн, худалдааг 2012 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Үзэсгэлэн, худалдаанд 14 сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй, нэгж байгууллага оролцсон бөгөөд сүү, мах, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, нийтийн хоол, зочид буудал, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий урлал, бэлэг дурсгал, худалдааны газар, шинийг санаачлагч зэрэг 17 номинацийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Шалгарсан аж ахуй нэгж, иргэдийг Улаанбаатар хотноо болох “Намрын ногоон өдрүүд 2012” үзэсгэлэнд оролцуулахаар болжээ.

Thursday, September 13, 2012

Сайншанд сумын мал далан мянгад хүрнэ

Сайншанд сумын 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор 165 малчин өрх, 127 мал бүхий өрх 60795 толгой мал тооллуулсан бол энэ оны эцсийн мал тооллогоор далан мянгад хүрэх тухай албаныхан ярьлаа. Суманд баян дэлгэр омгийн хонь, үзэмчин ямаа, талын улаан, хар тарлан, алутава, семинтал үүлдэрийн үхэр, монгол үүлдрийн адуу зэрэг гойд ашиг шимт шилмэл сүргээр малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллаж байна. Аймгийн төвийн хэрэглэгчдийг эрүүл чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуй буюу үнээний ферм байгуулах сонирхолтой иргэд ихээр нэмэгдэж байгаа гэнэ.
Х.Эрдэнэ

Wednesday, September 12, 2012

Шинэ зам, шинэ хаалга нээлтээ хийжээ

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх төмөр замын 35-р зөрлөгөөс Эрдэнэ сумын 18-р худаг хүртэлх 133,502 км авто замын нээлийн ажилллагаа болсон байна. Шинээр тавигдсан авто замын ажлыг БНХАУ-ын Чайна Жео Инженеринг корпораци 6 жилийн хугацаанд нийт 24 сая долларын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Мөн энэ үеэр Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан босгосон “Дорноговь” хүндэтгэлийн хаалганы нээлт давхар болсон аж.

Monday, September 10, 2012

Мэргэжлийн хяналтын нэрийг барьж, залилжээ

МХГ-ын нэрийг барьж залилан хийсэн хэрэг Дорноговь аймагт гарчээ. Худалдаа үйлчилгээний газруудаар “Мэргэжлийн хяналтын газраас явж байна. Бараа бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авч байгаа” гэж хэлээд лаазалсан бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүдээс авч явсан байна. Энэ нь зөвхөн худалдаа үйлчилгээний газраар бус төмөр замын вокзалын орчимд хоол хийж зардаг иргэдээс хүртэл мөнгө аваад амжсан аж. Иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй байх үүднээс уг байгууллагын байцаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Ингэснээр албан ёсны байцаагч ямар бичиг баримттай байж хяналт шалгалт хийх ёстой талаар иргэдэд таниулаад зогсохгүй давхар бараа бүтээгдэхүүний хадгалалт аюулгүй хүнсний худалдааг шалгасан аж.
Х.Эрдэнээ /Дорноговь/

Thursday, September 6, 2012

Төсөл амжилттай хэрэгжиж байна

Дорноговь аймгийн Өргөн суманд өнгөрсөн сарын сүүлээр цөлжилтийг бууруулах газрын менежментийн төслийн туршлага солилцох арга хэмжээ болжээ. Уг төсөл Төв, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж буй 13 суманд хэрэгжиж байгаа аж. Мөн бүс нутгийн тодорхой газар нутагт цөлжилттэй газрын доройтлыг бууруулах, нутгийн иргэдийг түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн санаачлагыг дэмжих, энэ талаарх орон нутгийн удирдлага, малчдын чадавхийг дээшлүүлэх, хамтын шийдвэр гаргах аргыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Дорноговь аймагт 2008 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд газар тариалан өрхийн үйлдвэрлэл хөдөө аж ахуйн чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд Өргөн суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Өлзийбуян”, болон “Баянтал” зэрэг бүлгийн 5-6 өрх сүүн бүтээгдэхүүн боловсруулах, фермерийн аж ахуй эрхлэх газар тариалан эрхлэн амжилттай яваа гэнэ.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага