XIX зууны үеийн Монголын их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны нууц тарнийн их мастер, говийн ноён хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум /-ны нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.
Д.Равжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, мөн музейд хадгалагдаж байгаа уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдах бий.
Тэрээр 1820-иод оноос эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан, 1840-өөд онд Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуйн хийд зэргийг байгуулжээ. Д.Равжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц газрууд болжээ. Д.Равжаа 1856 онд хорлогдож нас баржээ.
Түүнийг нас барсаны дараа лам Ш.Балчинчойжоо Д.Равжаагийн шарилыг занданшуулан хатааж, Дингам буюу Гиваадинравжаалин хэмээх цуглуулгын сүмд байрлуулсан бөгөөд Хамарын хийд болон түүний бусад хийдүүдээс Данзанравжаатай холбогдолтой өд өлгийн зүйлсийг цуглуулан авдарлаж сүмд залжээ. Гэвч өвийн зүйлийг эзгүйрүүлэн тарааж завших гэсэн шунахай хүмүүсийн санаархалаас болгоомжилж Ш.Балчинчойжоо тангараг өргөн өөрийгөө тахилч хэмээн зарлажээ.
Олз ашиг хайгч хүмүүс хэдийд ч байх тул хэнд ч эс итгэн хорь гаруй жилийн дараа өөрийн хүү ГанОчирт хүлээлгэн өгчээ. ГанОчир энэхүү үйлд багаасаа суралцаж албыг залгуулсаар 30 аад жилийн дараа өөрийнхүү Наръяадаа уламжлуулжээ. Наръяа нь хүү Онгойдоо, Онгой нь дүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвдээ уламжлуулсаар 1938 оныг хүрчээ. 1937-1938 оны гамшигт жил сүм хийдийг галдан шатааж бурхан тахилыг эвдэн сүйтгэх их нугалаа Д.Равжаагийн байгуулж, шавилан сууж, амьдралынхаа алтан үеийг элээсэн Хамрын хийдийг тойроогүй юм. Тэр үед 25 настай залуу тахилч Түдэв галдан шатаагчдын хий зайг харж зориг гарган шөнө дөлөөр сүм дэхь өвийн зүйлээс үүрэн зөөж, хөдөө ухаж бэлдсэн нүхэнд хийж булах, уул хадны агуйд нуух зэргээр 64-н авдар зүйлийг авч үлдсэн ажээ. Хэдийгээр авч үлдсэн нь устгагдсан 1400 гаруй авдар зүйлийн өчүүхэн хэсэг боловч бас музейн үзмэр болж олны хүртээл болтлоо үзэл сурталын хатуу чанга дэглэмийн хараан дор 52 жил нууцлагдан хадгалагдаж иржээ.
Энэ хэцүү цаг үеийн дарамтанд зохимжгүй нөхцөлд өвийн зүйлсийг өгөршүүлж муутгалгүйгээр урт хугацаанд хадгалахын тулд сүүлчийн тахилч бүх амьдралаа зориулсан юм.
Эдүгээ музейн үзмэрт буй ноён хутагт Д.Равжаагийн өв бол тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, мэдлэг оюунаа зориулсан уйгагүй зүтгэлийн хүчээр бэрх хэцүү цаг үеийг туулан 147 жил хадгалагдаж байгаа Монголын түүх соёлын дурсгалын хосгүй үнэт цогц өв юм.
Тахилч асан Түдэв амьдралынхаа сүүлчийн жилүүдэд” … Энэ цаг үеийг хүртэл хэнд ч үзүүлэлгүй хадгалж хамгаалж байх гэж үйлээ үзэж байж нандигнасан эдгээр зүйлийг хүмүүс ойлгон үзэж үнэлэн бишрэх цаг ойрхон бий. Тэр үеийг хүртэл хичээх л юмсан … хэмээсэн нь эдүгээ үзэгч танаа хүргэх гэсэн бүх тахилч нарын зуун дамнасан үг бизээ.
Уг музейгээс та бүхэн Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн түүхийг дэлгэрэнгүй мэдэх болно.
Цагийн хуваарь: Даваа-Баасан -08.00-17.00 цаг
Бямба-ням-09.00-17.00 цаг
Тасалбарын үнэ: Том хүн-1000 төгрөг
Гадаад-1000 төгрөг
Хүүхэд-250 төгрөг
Хаяг: Дорноговь аймаг Сайншанд сум 2баг, утас- 70523221, 96620742
No comments:
Post a Comment