Sunday, November 11, 2012

Ардчилсан засгаараа дэмжүүлж аймаг орноо хөгжүүлнэ


АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг 4-11 уулзалтаа энэ удаа Дорноговь аймагт зохион байгууллаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, гурван ч нарийн бичгийн даргатайгаа очиж оролцсон энэ уулзалтыг Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг сумын иргэдийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ийнхүү орон нутагт зохион байгуулсан юм. 

4-11 уулзалтад Дорноговь аймгийн АН-ын дарга, Засаг дарга П.Ганхуяг, аймгийн АН-ын дэд дарга Ж.Галбадрах, Равжаа музейн захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл нар оролцож сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтнуудад аймаг орон нутгийн ажил, сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулсан. 

Дорноговь аймгийн АН-ын дарга, Засаг дарга П.Ганхуяг: 
-Бид өнгөрсөн дөрвөн жил аймагтаа эрх барьж ажилласан. Одоо сонгуулийн шинэ хуулиар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 27 суудалтай болсон. Үүнээс ес нь намын жагсаалтаар орох бол 18 нь  сум, аймгийн төвийн багуудахас шууд сонгогдох юм. Энэ удаа бид ирэх дөрвөн жилд энэ аймаг орон нутгаа хөгжүүлэх бодлого зорилтоо хэрэгжүүлэх тийм л хүмүүсээ нэр дэвшүүлсэн. Манай нам энэ удаагийн сонгуульд “Ардчилсан засгаараа дэмжүүлье. Аймаг сумдаа үйлдвэржүүлье” гэсэн уриатайгаар оролцож байна. Бидний  гол хөтөлбөр бол Шинэчлэлийн засгийн газрын хөтөлбөрт багтаж байгаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг бодит ажил болгох үүднээс “Шинэ Дорноговь-2 тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2012-2016” гэсэн хөтөлбөр дэвшүүлж байгаа.

-“Шинэ Дорноговь 2” гэдэг нь  ямар учиртай юм?
-Манай аймаг ардчилсан хувьсгал ялснаас хойшхи  хугацаанд үргэлж МАН ялж байсан аймаг. Дорноговь бол улаан аймаг ч гэж ярьдаг. Харин 2008 онд манай нам ялж өнгөрсөн дөрвөн жилд “Шинэ Дорноговь” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний залгамж болж энэ удаа “Шинэ Дорноговь-2” хөтөлбөр дэвшүүлж байгаа юм.

-Тэгвэл өнгөрсөн  дөрвөн жилд хэрэгжсэн “Шинэ Дорноговь” хөтөлбөрийн гол амжилт юу байхав?
-Өнгөрсөн дөрвөн жил манай аймгийн хувьд бүтээлч ажил, бодлогоо тодорхойлох он жилүүд байсан гэж болно. Яг үнэнийг хэлэхэд аймгийн ч сумдын ч хөгжлийн хэтийн бодлого чиглэл гэж байхгүй явж ирж. Одоо бол бид аймгаа, сумаа хэрхэн хөгжүүлэх мастер төлөвлөгөөгөө гаргалаа. Энэ нь Засгийн газрын үйлдвэржүүлэх бодлоготой уялдахын зэрэгцээ, аймагтаа, зэргэлдээ сумтайгаа  уялдаж байгаа юм. Ганцхан жишээ татахад л төвийн эрчим хүчний системд холбогдоогүй хоёр сум байна. Хатанбулаг сумын наана 70 км зайтай Хөвсгөл суманд өндөр хүчдэл оччихсон байдаг. Гэтэл энэ нь ямар ч алсын хараагүйгээр 35-ын шугам татчихсан болохоор цаад сум руугаа татахаар хүчдэл нь хүрэлцэхгүй байна. Одоо нэг бол энэ шугамыг буулгах, эсвэл хажуугаар нь өөр шугам татахаар болж байна шүү дээ. Цаашид ийм явдал гаргахгүйн тулд л бүх сумдын мастер төлөвлөгөөг өөр хооронд нь уялдуулан хийсэн юм. 

-Шинэчлэлийн Засгийн газрын Үйлдвэржүүлэх бодлогын гол цөм нь Сайншандын хүн аж үйлдвэрийн цогцолбор. Яг бодитой хийсэн зүйл юу байна.
-Энэ чинь таван том хүнд үйлдвэр, үүнийг дагалдсан 50 жижиг дунд үйлдвэр байхаар төсөөлж байна. Тэгэхээр юун түрүүнээ энэ үйлдвэр, өмнөд бүсийн төмөр замын ажиллах хүчнийг бэлтгэхэд анхаарч байна. Сайншандад Төмөр замын МСҮТ байгуулж эхний 200 хүнийг төгсгөлөө. Аймгийн МСҮТ-ийг 300 сая төгрөгийн хөрөнгөөр засч, тоног төхөөрөмжөөр хангалаа. Тэр дагалдах үйлдвэрүүдийг одооноос эхлэн байгуулж байна. Цэвэр ус үйлдвэрлэдэг гурван ч жижиг үйлдвэр шинээр байгуулагдлаа. 3500 га газрыг үйлдвэр байгуулах тусгай хэрэгцээнд нөөцлөөд байна. Америкийн “Дектель” компаниар урьдчилсан судалгаа хийлгээд дууссан. Усны хайгуул хийж дууссан. Энэчлэн ажил шат дараатайгаар урагшаа явж л байна. Яахав өмнөх дөрвөн жилд Засгийн газар дэмжээгүй тал бий. МАН-аас УИХ-д сонгогдсон хүмүүс ирээд хөдөлмөрчидтэй уулзахдаа “Мянгуужингийн үлгэр” гээд л яриад явж байсан. Ингэж хэсэг саармагжсан тал бий. 
Ер нь бид аймаг орон нутаг бол Засгийн газрын бодлогыг л хэрэгжүүлдэг нэгж гэсэн ойлголтыг халъя гэж байгаа юм. Аймаг, сум өөрийнхөө бодлогыг тодорхойлдог, түүнийгээ хэрэгжүүлдэг байя гэж байгаа юм. Гэхдээ хөгжлийн олон тулгуурт бодлого хэрэгжүүлэх.

-Олон тулгуурт хөгжил гэхээр....
-Дорноговь аймаг гэхээр л нэг олон үйлдвэртэй, үйлдвэрийн аймаг байх юм шиг бодохгүй байна. Байгальд ээлтэй үйлдвэр хөгжүүлэхийн зэрэгцээ газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх. Одоо бид монголын нийт ард иргэдийн очдог Хамарын хийд рүү хатуу хучилттай зам тавьж байна. Ирэх жил гэхэд тэр зам ашиглалтад орчихно. Чойр-Сайншандын зам ч ашиглалтад орно. Улаанбаатараас  шууд Хамарын хийд ортол хатуу хучилттай замаар давхиад очдог болно гэсэн үг. Хүслийн уул ч гэдэг дээ, Ханбаянзүрх хайрхныг төрийн тусгай хамгаалалтад оруулахаар хөөцөлдөж байна. 

-Мөрийн хөтөлбөр гээд бид баахан үйлдвэрийн л тухай ярилаа. Нийгмийн бодлогын талаар....
-Мэдээж бодлогын төвд хүн байгаа. “Шинэ Дорноговь-2 тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг бид 12 дэд хэсэгтэй боловсруулсан. Үйлдвэр, ХАА, аялал жуулчлал гээд хэсгүүдээс гадна “Эрүүл саруул оюунлаг ирээдүй”, хөдөлмөрийн талаар “Ажилсаг Дорноговьчууд”, халамжийн талаар “Хүн хүнээ хайрлая”, залуучуудыг дэмжих “Айсуй цагийн эзэд”, орон сууцжуулах “Тохилог сууц-10000” гэсэн дэд хэсгүүд байгаа. Орон сууц гэхэд л аймгийн төв, сумдад 10 мянган айлын орон  сууц барихаар төлөвлөж байгаа юм. Сум бүрт 70 орон сууц барих юм. Өмнө хэлсэнчлэн үйлдвэр байгуулахад тэнд ажиллах хүмүүсийнхээ амьдрах орчныг бэлтгэх ёстой гэж үзэж байгаа юм. 

-Сумд маань хөгжлийн ямар төсөөлөлтэй байна даа
-Яг үнэнийг хэлэхэд сумдын төв маань нэг их өөрчлөгдөхгүй өнөө хүрч. Одоо бид сумын төвд байгаа хүмүүс ч аймаг, нийслэлтэй адил тав тухтай орчинд амьдардаг болгохыг зорьж байна. Сумдын төвийг цэвэр бохир усны шугамтай, тохилог орон сууцтай болгох ажил хийж эхэлж байна. Аймгийн төвийн нэг, гуравдугаар багийн гэр хорооллыг цэвэр цохир усны шугамд холбохоор 800 сая төгрөгийн санхүүжилтээр хийж байна. Ингэхэд зөвхөн гуравдугаар багийн 500 орчим айл цэвэр усны шугамд холбогдоно. Түрүүчийн айлууд нь гэрээдээ салаалаад оруулахад бэлэн болчихсон байгаа. 

-Энэ бүхий л бодлогыг хэрэгжүүлэх багаа бүрдүүлчихээд сонгуульд орж байна гэж ойлгох уу...
-Тэгэлгүй яахав. Аймгийн, сумын Иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа нийт хүний маань 34 хувь нь эмэгтэйчүүд, 23 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байна. Энэ л хүмүүстэйгээ нэг баг болоод энэ бодлогоо хэрэгжүүлнэ. Энд нуулгүй хэлэхэд Засгийн газар надад хоёр ч яамны дэд сайдын санал тавьсан. Гэхдээ би энэ л аймагтаа өмнө дөрвөн жилд эхлүүлсэн ажлаа, энэ хүмүүстэйгээ нэг баг болоод үргэлжлүүлье гэж санаа шулуудаад байгаа минь энэ. Ер нь манай нам бүх шатанд нэг бодлого хэрэгжүүлэхийн тулд шат шатанд намаа ялуулах, ингэснээр алив ажилд улс төрийн хандлагаар тээг чагт тавьдгийг  болиулах зорилттойгоор энэ удаагийн орон нутгийн сонгуульд орж байгаа юм. 

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага