Зам, тээврийн сайд А.Гансүх албаны хүмүүсийнхээ хамтаар энэ сарын 11-13-нд орон нутагт ажиллаа. Шинэчлэлийн Засгийн газар танхимынхаа сайдуудыг харьяа байгууллагын ажил байдалтай амралтын өдрүүдэд танилцаж ажиллахыг үүрэгдсэн билээ. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо салбарын сайдыг “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирэхэд сумын Засаг даргын тамгын газрынхан хүлээн авч, сумаа хөгжүүлэх төлөвлөгөө болон орон нутагт баригдах авто замын талаар танилцуулсан юм.
Түүнчлэн салбарын сайд Замын-Үүд өртөөний төмөр замчидтай уулзаж, Ачиж буулгах гуравдугаар ангийн ажил байдалтай танилцсан байна. Ачих буулгах гуравдугаар ангиас сумын төв хүртлэх 4.5 км авто зам яаралтай барих хэрэгтэйг удирдлагууд нь салбарын сайдад дуулгаж байлаа. Харин А.Гансүх сайд авто зам барих зураг төслөө гаргаад ирвэл асуудлыг шийдэж болно гэв.
Энэ мэтчилэн салбарын сайд Эрдэнэ сумын иргэд болон Өргөн, Сайншанд, Айраг, Цомог, Чойр өртөө, зөрлөгийн төмөр замчидтай уулзалт хийн тэдний санал сэтгэгдлийг сонсч боломжтой асуудлыг газар дээр нь шийдэхийн зэрэгцээ Засгийн газраас төмөр замын салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр болон “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаа, бүтцэд хийх шинэчлэлийн талаараа танилцуулсан байна.
Ш.ЧИМЭГ
No comments:
Post a Comment