Friday, September 27, 2013

“ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АЙМГИЙН ХҮҮХДИЙН ОРДОНД БОЛЛОО


МУ-ын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхааран ажиллаж байгаа билээ.
Аймгийн ЗДТГазар нь БШУЯам, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттай  хамтран уг сургалтыг зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа Хүүхдийн ордонд болсон бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү нээж үг хэлсэн юм.
Тэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, сургалтын менежер, захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 700 гаруй хүнийг  хамруулан зохион байгуулж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог үйл явдлын нэг болохыг онцолж байлаа.
Түүнчлэн сургалтыг аймгийн 1-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль дээр хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм байна.

Wednesday, September 25, 2013

САЙНШАНД СУМААС ЗОХИОН БАЙГУУЛДАГ "ХАМТЫН САНАЛ-ХОТЫН ХӨГЖИЛ 333" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО


     Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас улирал бүр зохион байгуулдаг “Хамтын санал-Хотын хөгжил 333” арга хэмжээ өчигдөр аймгийн Саранхөхөө театрт болж өнгөрлөө.
Иргэдийн санал бодлыг сонсож, төрийн үйлчилгээний нээлттэй байдлын илэрхийлэл болдог арга хэмжээнд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Агентлагийн дарга нар оролцож, иргэдээ урамшуулсан  юм.
 Уг уулзалтаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг хүнд нөхцөлд амьдарч байгаа Алтанширээ сумын 3-р багийн иргэн М.Түвшиндэлгэр,  Замын-Үүд сумын 3-р багийн иргэн У.Мягмаржав, Өргөн сумын 1-р багийн иргэн П.Дорждулам нарт гэр олгосон юм. Мөн Сайшанд сумын Засаг дарга Б.Батбаяр тус сумаас зарласан “Соёлч айл” болзолт уралдаанд идэвхитэй оролцсон иргэдэд  өргөмжлөл, талархалыг гардуулсан юм.
Арга хэмжээний үеэр агентлагийн дарга нар үйл ажиллагааны явцын талаар мэдээлж иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Мөн   аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуульзүйн хэлтсээс зөвлөгөө, мэдээлэл хийсэн бол Хөдөлмөрийн хэлтэс нээлттэй ажлын байранд иргэдийг шууд бүртгэх үйл ажиллагааг явуулсан юм.

Monday, September 23, 2013

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН АЛБАН ЁСООР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дорноговь аймгийн Гэрлэх ёслолын ордонд  анх удаагаа хуримын үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Намрын дунд сарын шинийн 17-ны өдөр буюу Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр  3 хурим болсон бөгөөд хамгийн анхны хурим 11 цаг 40 минутад эхэлж, гэр бүл болж буй хосууд төрийн болон уламжлалт ёслол үйлдэж, ерөөлч магтаалч, морин хуурчид ерөөлөө хэлж хурим ёслол төгөлдөр боллоо.
Мөн өдөр 50 жил хамт амьдарсан буурай нар Алтан хуримаа хийсэн нь хойч үедээ үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагаа байлаа.
Гал голомтоо бадрааж байгаа бүх хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Та бүхний өмнө Дорноговь аймгийн Гэрлэх ёслолын ордон үүд хаалга байнга  нээлттэй байх  болно.

МУ-Д КИНО УРЛАГ ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙГ САЙНШАНД СУМАНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ



Монгол улсад кино урлаг  үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээг  2013 оны 09-р сарын     21-23-ны өдрүүдэд Сайшанд суманд тэмдэглэн өнгөрүүллээ.   
Баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Музей дээр үзэсгэлэн зохион байгуулсанаар эхэлсэн юм. Үзэсгэлэнд үе үеийн кино механикчид болон тухайн үеийн хэрэглэж байсан зургийн аппарат, тоног төхөөрөмжүүдээр үзэсгэлэн гаргасан байлаа. Ингээд Дорноговь аймагт кино байгууллагын үндэс суурь тавигдсан талаар товчхон дурдвал:
Дорноговь аймагт 1932 оноос эхлэн “Улаан гэр”-ийн үйлчилгээний хүрээнд дуугүй киноны хэдэн дүрсийг гар ажиллагаатай аппарат маягийн төхөөрөмжөөр Улаанбадрах сумын харьяат Сэдэд, Өндөршил сумын харъяат Юндэн нар гаргаж эхэлснээр аймгийн кино байгууллагын эх суурь тавигджээ.
Сүүдэр шийг улам боловсронгуй болгох үүднээс “Улаан гэр”-ийн үйлчилгээтэй хослуулж урлагийн тоглолтоор  хүч хамруулан ард түмэндээ сонирхуулж эхэлсэн байна.
1939 оны үеэс эхлэн дуутай кино үйлчилгээд шилжиж мэргэжлийн кино механикч шаардагдаж эхэллэхэд тус аймгийн хэмжээнд 2 кино механикч аймгийнхаа бүх сумдыг хуваан авч нүүдлийн журмаар дамжин үйлчилж байсан нь БНМАУ-ын соёлын тэргүүний ажилтан Н.Тойног, ахмад кино механикч И.Гунгаа нар байлаа.
1957-1960 онуудын хооронд бүх сумдад “Нүүдлийн кино”той болж өргөжсөн байна.
Ингээд  1978 оны 10 дугаар сарын 1-нд 33 хүний орон тоотой байнгын ажиллагаатай “Баянговь” кино театр болсон байна.  
Нэмж сонирхуулахад үзэсгэлэнд тавигдсан тоног төхөөрөмжөөр кино гаргаж байсан нь ихэд сонирхууштай байлаа.

9-р сарын 21-ний 16 цагт Саранхөхөө театрт баярын хурал болж, аймгийн Засаг даргын Өргөмжлөлөөр Ч.Отгонмантай, Ц.Бат-Өлзий, Ө.Базар, Д.Цэнд нарын  хүмүүсийг шагнасан байна.



Wednesday, September 18, 2013

“Дорноговь түншлэл, Шилмэл мал-2013” Үзэсгэлэн худалдаа боллоо

Дорноговь аймгийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, газар тариалан, мал аж ахуй, хүнс, үйлдвэрлэл үйлчилгээний  салбарыг сурталчлах зорилгоор “Дорноговь түншлэл, шилмэл мал” бүтээгдэхүүн үйлчилгээ, малын үзэсгэлэн худалдааг Сайншанд суманд 2013 оны 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Цэлмэг тэнгэр худалдааны  төвд зохион байгуулагдлаа.
“Дорноговь түншлэл -2013” үзэсгэлэн худалдаа нь сүү, цагаан идээ, хүнсний ногоо, нийтийн хоол үйлдвэрлэл, банк санхүүгийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж 11 сумын 20 гаруй аж ахуйн нэгж, 90 гаруй иргэд 280 гаруй төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон юм.
Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нь эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоо, жимс, эрүүл хүнс, сүү цагаан идээг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авах боломжийг хэрэглэгчдэд хангаж өгдөгөөрөө онцлог юм.
“Дорноговь түншлэл-2013” үзэсгэлэн худалдааны үеэр аймгийн Засаг даргын 2010 оны А/319 дүгээр захирамжаар батлагдсан “Оны шилдэг бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээ шалгаруулах журам”-ын дагуу 18 төрлөөр шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгаруулсан ба зохион байгуулалт сайтай оролцсон Даланжаргалан сум “Шилдэг сум”-аар шалгарч батламж гардан авлаа.

Шилдэг бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээний төрөлд шалгарсан аж ахуйн нэгж, иргэн

Шилдэг бүтээгдэхүүний төрөлд:

1.    Сүү, сүүн бүтээгдэхүүн- Иххэт сумын “Таван эрдэнэ” бүлэг  ахлагч Сэлэнгэ
2.    Мах, махан бүтээгдэхүүн-Сайншанд сумын “Гэрэлт шанд” ХХК
3.    Гурил, гурилан бүтээгдэхүүн-Сайншанд сумын П.Солонгонтуяа ахлагчтай “Баян говь” бүлэг
4.    Жимс, хүнсний ногоо- Сайншанд сумын ногоочин Ө.Сугир  /тарвас/
5.    Эсгий, эсгий бүтээгдэхүүн- Сайншанд сумын иргэн Ц.Дэлгэрмаа
6.    Арьс ширэн бүтээгдэхүүн-Сайншанд сумын иргэн-Г.Эрдэнэжаргал /Хос мэнд гутлын үйлдвэрлэл/
7.    Оёмол, хатгамал, сүлжмэл бүтээгдэхүүн- Сайншанд сумын 4-р багийн иргэн Л.Цэцгээ  /Уран шаглаа оёдлын цех/
8.    Бэлэг дурсгалын зүйл-Сайншанд сумын иргэн Л.Халзан

Соёлч үйлчилгээний төрөл:

1.    Нийтийн хоолны үйлчилгээ- Сайншанд сумын “Сор ресторан”
2.    Зочид буудлын үйлчилгээ-Дорноговь зочид буудал
3.    Банк болон санхүүгийн үйлчилгээ- ХААН банк
4.    Худалдааны газрын үйлчилгээ-“Алтан говь” худалдааны төв
5.    Шилдэг хоршоо-Сайхандулаан сумын “Их-Өлзийт” хоршоо
6.    Шинийг санаачлагч-Хөвсгөл сумын иргэн Д.Эрдэнэсүрэнгийн “Отрын гэр”
тус тус шалгарч 2013 оны шилдгүүдээр тодорлоо.

Tuesday, September 17, 2013

ЧОЙР-САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН 176,4 КМ АВТОЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

АНУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт 285 сая америк долларын хөрөнгө оруулалтыг сүүлийн 5 жилийн хугацаанд хийгээд байгаа билээ. Үүний нэг ажил  бол Монголын  мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойр-Сайншанд холбосон 176.4 км урттай хатуу хучилттай авто замын ажил байсан бөгөөд 9-р сарын 5-нд  нээлтээ хийж Зам тээврийн яаманд хүлээлгэн өгсөн юм.
Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын элчин сайд Пипер Анна Кампелл, МСС-ын гүйцэтгэх захиралын зөвлөх Кассандра Бутс, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал,   ММСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, Авто замын төслийн захирал П.Батсайхан, замыг гүйцэтгэгч компанийнхан болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ. 
Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьсан бөгөөд 30 км тутамд түр зогсох зориулалтын зогсоолтойгоор хийж гүйцэтгэсэн байна. Мөн Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,2 км-ийг Сайншандтай холбон замыг ашиглалтад оруулаад байна.
Мөн ирэх 10 дугаар сарын сүүлээр Хамарын хийдийн 42 км, Сайншандаас Замын-Үүд хүртэлх 120 км авто замын ажил бүрэн дуусч ашиглалтад орно.
Ингэснээр Монгол Улс Оросын хилээс Хятадын хил хүртэл босоо тэнхлэгийн дагуу автозамтай болж, олон улсын транзит тээвэр зорчих боломжтой болох юм.


Аймгийн Засаг дарга  мөн дараах хүмүүсийг Засаг даргын “Жуух бичиг”, “Өргөмжлөл”-өөр шагнасан юм.
“Жуух бичиг”
1.      Т.Бадам           Grontmani carlbro” компанийн Байгаль орчны мэргэжилтэн
2.      Т.Мөнхзаяа    Grontmani carlbro” компанийн Замын инженер
3.      Э.Тамир          “Мянганы сорилтын сангийн автозамын төсөл” гэрээний мэргэжилтэн
4.      Б.Ууганхүү     “МССАЗТөсөл” олон нийттэй харилцах мэргэжилтэн
5.   Ma Yutao     Jiangxi water and Hydropower Construction” худалдааны менежер
6.  Han Tie Gong  Jiangxi water and Hydropower Construction” материалын менежер

“Өргөмжлөл”
1.      Kang Ji Hoom   Halla Engineering and Construction Corporation  замын инженер
2.      Rajendra Mouni    Grontmani carlbro” компанийн суурин инженер
3.      Alex Ragudo        Grontmani carlbro” компанийн дэд багийн ахлагч
4.  Б.Тэмүүлэн   “Мянганы сорилтын сангийн автозамын төсөл” бичиг хэргийн мэргэжилтэн
 

Saturday, September 14, 2013

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ МАЛЧДАД ЗОРИУЛСАН “ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕС, МЕНЕЖМЕНТИЙН ЦАГААН ТОЛГОЙ” СУРГАЛТ МАРГААШ БОЛНО



Сургалт семинар 2013 оны 9-р сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.  14 сумын 75 малчид оролцох энэхүү семинарыг Доктор, дэд профессор Ц.Сарантуяа явуулна.
            Малчдыг бүртгэж мандат олгох ба семинарын дараа сертификат гардуулах юм байна.

МАЛЫН ГОЛОМТОТ ХАЛДВАРТ БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАРИЛГА СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХИЙГДЭЖ БАЙНА

Малын голомтот халдварт бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 9-р сарын 6-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай  бүх сумын хэмжээнд зохион байгуулж байна.
Сумдын Засаг дарга нар энэхүү арга хэмжээнд  мал сүргээ тарилгад бүрэн хамруулахад онцгой  анхаарч ажиллаж байна.

“УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТАЕТРЫН ӨДРҮҮД”-ДОРНОГОВЬ АЙМАГТ


    Улсын Драмын эрдмийн таетрын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд соёл, урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор манай аймагт аялан тоглолтоо зохион байгуулахаар боллоо.
    Театрын хамт олон энэхүү аялан тоглолтыг 2002 оноос уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.
“Улсын Драмын эрдмийн театрын өдрүүд” аймгийн Саран хөхөө театрт 9-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд болно.

2013 оны 09-р сарын 17-нд

11:00 цагаас “Онц сурлагатнууд орохыг хориглоно”. Хүүхдийн жүжиг
15:00 цагаас “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт драмын жүжиг
18:00-18:30 хүртэл аймгийн төв талбайд “Нээлтийн үйл ажиллагаа”
19:00 цагаас “Тамгагүй төр” түүхэн жүжиг

2013 оны 09-р сарын 18-нд
11:00 цагаас “Онц сурлагатнууд орохыг хориглоно”. Хүүхдийн жүжиг
15:00 цагаас “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт драмын жүжиг
18:00 цагаас  “Эхнэрээ зээлээч” орчин үеийн инээдмийн жүжиг
21:00 цагаас “Тамгагүй төр” түүхэн жүжиг

2013 оны 9-р сарын 19-нд
11:00 цагаас “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжиг
15:00 цагаас “Хайрын виз” залуусын хайр дурлалын сэдэвт драмын жүжиг
18:00 цагаас “Эхнэрээ зээлээч“ орчин үеийн инээдмийн жүжиг

ММСС-ААС "АЗЗА" ТӨХК-Д ЗАМ АРЧЛАЛТЫН ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА

 Чойр-Сайншандыг холбосон 176.4 км хатуу хучилттай авто замыг энэ сарын 5-ны өдөр ашиглалтанд хүлээн авсан билээ.
Өнөөдөр орон нутгийн Авто зам арчлалтын компанид Авто зам арчлалтын техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд ММСС-ийн Авто замын төслийн захирал П.Батсайхан, Тээвэр авто замын дэд сайд Х.Ержан, Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Дорноговь “АЗЗА” ТӨХК-ийн захирал А.Баттогтох, аймгийн Тээвэр авто замын газрын дарга Г.Чинбат болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
ММСС-ийн Авто замын төслийн захирал П.Батсайхан Дорноговь аймгийн “АЗЗА” ТӨХКомпанид 360 гаруй мянган долларын үнэ бүхий 7 төрлийн 35 техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
 Мөн арга хэмжээний үеэр ММСС-ийн Авто замын төслийн захирал П.Батсайхан Дорноговь аймгийн ЗДТГазрын хамт олонд энэхүү төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж үр бүтээлтэй хамтран ажилласанд талархал гардуулсан юм.
Дашрамд дуулгахад энэ онд манай аймгийн хэмжээнд нийтдээ 500 гаруй км зам ашиглалтад орж байгаа болно.





2013.09.13

Wednesday, September 4, 2013

ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА

 ЗҮҮН БҮСИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Мерси Кор Монгол байгууллага нь иргэдийн санаачлага, зах зээлийн харилцаанд тулгуурласан зарчмыг баримтладаг ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага бөгөөд хөдөө орон нутаг дахь иргэдэд мэдээлэл олж авах, сургалт, санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ, зах зээлийг хөгжүүлэх тогтвортой механизмыг бий болгоход нь туслах зорилготойгоор Монгол улсад 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бид Дорноговь аймаг дахь Бүсийн төвдөө " Бүсийн Зохицуулагч" шалгаруулж авна.

АЛБАН ТУШААЛЫН ЕРӨНХИЙ ТОВЧ ТАЙЛБАР
Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагчийн удирдлаган дор Бүсийн зохицуулагч нь Мерси Корын Аймгийн түншлэлийн идэвхжүүлэгч, Бүсийн зохицуулагч,  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж, МК-ын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.


              АЖЛЫН ҮҮРЭГ ХУВААРЬ

•    Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагчийн удирдлаган доор ажиллана
•    Бүсийн зохицуулагч нь Мерси Кор-ын аймаг УБ-ын ажилтнууд, үндэсний болон орон нутгийн түншүүдийг хооронд нь холбон өгч, Мерси Кор-ын төслүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй
•    Бүсийн хэмжээнд Мерси Кор-ын хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүү захиргааны бүх ажлуудыг хариуцна
•    Бүсийн хэмжээнд хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадвартай баг байгуулж ажиллана
•    УБ дахь хөтөлбөрийн багуудтай уялдаатай, нягт холбоотой ажиллана.
•    Төслийн хэрэгжилтийг хянана: хугацаа, төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх
•    Хөтөлбөрийн хэргэжилтэнд тулгарч байгаа асуудлуудыг тодорхойлж, шийдэх арга замыг аймгийн идэвхжүүлэгч, түншүүдтэйгээ хамтран боловсруулж, дэвшүүлэх
•    Бүсийн түнш байгууллагуудыг дэмжиж, ажлын гүйцэтгэлийг хянана
•    Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагч, бүсийн зохицуулагч нартай хамтран нэг баг болж ажиллах
•    Судалгаа, хэлэлцүүлэг, хурал, семинар болон бусад мэдээлэл солилцох үйл ажиллагаанд оролцож сүүлийн үеийн хууль зүйн мэдээллийг МК-ын төслүүдэд түгээнэ
•    Сум аймаг дахь төр, иргэний нийгэм, хувйин хэвшлийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, бүс болон үндэсний хэмжээнд Мерси Кор-ын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар тогмол мэдээлэл өгөх
•    Аймгийн идэвхжүүлэгч, түншүүдээр дамжуулж бүсийн хэмжээнд хөтөлбөрүүдийн хорондох уялдаа холбоог бэхжүүлэх

Тавигдах шаардлага

1.    Сум, аймаг, үндэсний хэмжээнд түншүүдтэйгээ, Мерси Кор-ын бусад ажилтнуудтай хамтран ажиллах чадвартай;
2.    Олон ажил зэрэг гүйцэтгэх чадвартай, хугацаанд нь ажлаа амжуулдаг, мэдээлэл өндөр хэмжээнд боловсруулах чадвартай
3.    Бичгийн болон ярианы англи хэлний тодорхой мэдлэгтэй
4.    Иргэний нийгэм, эдийн засаг, байгалийн нөөцийн менежементийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй
5.    Бусадтай харьцах өндөр чадвартай
6.    Багийн тоглогч байж чадах, хамтран ажиллах чадвартай
7.    Шинэ санаа санаачлага гаргадаг
8.    Мэргэжлийн ур чадвараа тогмол бэхжүүлэх, сурах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх




Сонирхож байгаа хүмүүс өөрийн товч намтар, өргөдөл, их дээд сургуулийн дипломын хуулбар, тодорхойлох захидал (дор хаяж 2 хүний)-ын хамт

2013 оны 9 сарын 15-ны өдрийн 17:00 цагааас өмнө jobs@mn.mercycorps.org хаягаар ирүүлнэ үү.
Монгол дахь Мерси Кор байгуууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.mercycorps.org.mn хуудснаас авна уу. CV, өргөдөл бичих загварыг мөн эндээс авч болно.
Зөвхөн сонгосон хүмүүстэй холбоо барих бөгөөд ажлын байранд хандан ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй болохыг мэдэгдэе.
Утас: 461145, 94991215

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ОРДНЫ ДЭРГЭДЭХ ДУГУЙЛАНГУУД ЭЛСЭЛТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.


Аймгийн хүүхдийн ордон сурагчдын хичээл эхэлсэнтэй холбогдуулан  тэдний сонирхолд нийцүүлэн дараах дугуйлангуудад элсэлт авч байна.  Үүнд:
•    Морин хуур
•    Ардын болон уртын дуу
•    Зураг, сийлбэр
•    Бүжиг
Сурагчдыг аймгийн хүүхдийн ордны 3 номерын өрөөнд бүртгэж байна.

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ОРДОН

Tuesday, September 3, 2013

ЧОЙР-САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН 176,4 КМ АВТОЗАМЫГ 9-Р САРЫН 5-НЫ ӨДӨР ХҮЛЭЭН АВНА

Монголын  мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойроос Сайншанд хүртэл нутгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, ашиглалтад оруулаад байгаа билээ.

Замын зорчих хэсгийг нээсэн бөгөөд 9-р сарын 5-нд улсын комисс хүлээж авахаар болоод байна.

Замыг АНУ-ын СТВ технологи буюу цементээр бэхжүүлсэн сууриар барьсан ба замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ.  Замыг хайрган суурь, цементээр бэхжүүлсэн болохоор 80 хүртэлх тоннын даацтай автомашин явах боломжтой болсон байна.

 Түүнчлэн Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьжээ. ММСС-ийн хөрөнгө оруулалтаар Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,1 км-ийг Сайншандтай холбон замыг ашиглалтад оруулаад байна.

ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

            Дорноговь аймаг Шизүока муж хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдан олон салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 8 сард хамтын ажиллагааны 2 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 

Боловсрол, Эрүүл мэнд дэд бүтцийн хөгжлийн олон тулгуур салбаруудад хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаагийн нэг нь Япон хэлний сургалт зохион байгуулах төлөвлөгөө байв. Шизүока Монголын найрамдлын нийгэмлэг, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Япон хэлний сургалтын нээлтийг 9 сарын 03-ны өдөр хийлээ.

Нээлтэнд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Шизүока Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяа,  Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэл, ЕБ-ын 5-р сургуулийн Захирал Б.Оргилбаяр, тус сургуулийн гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч Ундрахбаяр нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Япон улс Монгол улсын хамтын ажиллагаа тэр дундаа Дорноговь Шизүока муж хоорондын харилцаа шинэ шатанд гарч байгаа иймээс Япон хэлээ сайн сурах нь чухал гэдгийн онцлоод амжилт хүссэн юм.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА



“Дорноговь түншлэл, Шилмэл мал-2013” уламжлалт үзэсгэлэн худалдаа  2013 оны 09 сарын 14-15-ны өдрүүдэд  Сайншанд сумын  “Цэлмэг тэнгэр”  үйлчилгээний төвд зохион байгуулагдах гэж байна. Үүнд:
Оны “Шилдэг бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээ”-г дараах номинацуудад нэр дэвшүүлэн шалгаруулна.
Шилдэг бүтээгдэхүүний төрөлд:
1.    Сүү, сүүн бүтээгдэхүүн
2.    Мах, махан бүтээгдэхүүн
3.    Гурил, гурилан бүтээгдэхүүн
4.    Эх хүүхдийн хоол тэжээл
5.    Жимс, хүнсний ногоо
6.    Барилга, барилгын материал
7.    Эсгий, эсгий бүтээгдэхүүн
8.    Оёмол, хатгамал, сүлжмэл бүтээгдэхүүн
9.    Бэлэг дурсгалын зүйл

Соёлч үйлчилгээний төрөлд:
1.Нийтийн ахуй үйлчилгээ
2.Нийтийн хоолны үйлчилгээ
3.Зочид буудлын үйлчилгээ
4.Банк болон санхүүгийн үйлчилгээ
5.Худалдааны газрын үйлчилгээ
6.Шилдэг хоршоо
7.Шинийг санаачлагч
8.Шилдэг сум
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчид та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгэл Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 06 тоот өрөөнд 2013 оны 09 дүгээр сарын 05-13-ны өдрүүдэд явагдана.



ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН
БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

“АЖЛЫН ГАРАА” ТӨСӨЛ ДОРНОГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу “Ажлын гараа” төсөл  Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

 Төсөлд Хөвсгөл сумын Чулуут багийн иргэн А.Пүрэвсүрэнгийнхийг сонгон хамруулсан бөгөөд эхнэр М.Сэлэнгээ нь хөгжлийн бэрхшээлтэй,  амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх ба 2012 онд  Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдан 50 бог малыг хамгийн сайн өсгөн үржүүлсэн өрхөөр шалгарч байсан амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй ажилсаг нэгэн өрх юм. Төсөлд хамрагдахаасаа өмнө  айлын өвөлжөө бараадаж амьдардаг байсан бол  “Ажлын гараа” төсөлд хамрагдсанаар амины орон сууц өвөлжөөтэй болсон байна.

 Төсөлд шаардагдах хөрөнгийг Дорноговь аймгийн Засаг даргын А/494 захирамжаар  13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг орон нутгийн төсвөөс баталсан ба хүүхдүүдийн хоол, байрны асуудлыг тус сумын Засаг дарга түүний Тамгын газар хариуцан шийдвэрлэсэн байна.
     Төслийг Хөвсгөл сумын сургуулийн Технологийн багш Д.Загдхоролын удирдлаган дор Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн Залуучуудын холбооны дарга А.Амартүвшингээр ахлуулсан 15 оюутан залуус гардан хэрэгжүүлж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г. Алгирмаа  хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан юм.

Төслийн баг нь ажлаа тогтоосон хугацаанаас богино хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд  малын хороог барихдаа байгалийн нөөц элсийг ашиглан тусгай технологиор шавар бэлтгэж хийсэн нь материал хэмнэж, шинэ санаа нэвтрүүлсэн онцлог бүхий өндөр ач холбогдолтой жишиг өвөлжөө болж чадсан байна.

2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр  төслийн хэрэгжилтийг дүгнэж, хүлээлгэн  өгсөн байна. Энэхүү  арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г. Алгирмаа, Хөвсгөл сумын Засаг дарга Э.Жавхаа, тус сумын ИТХ-ын дарга Н. Мөнхцэцэг, Чулуут багийн Засаг дарга Ц. Батчулуу нар оролцон  орон сууц, өвөлжөөг А. Пүрэвсүрэнгийн гэр бүлд хүлээлгэн өглөө. 
Энэ үеэр төслийг хэрэгжүүлэхэд идэвх чармайлттай ажилласан оюутан залууст болон удирдсан багш Д.Загдхорол нарт аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Алгирмаа Өргөмжлөл, Батламж гардуулсан юм.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага