Saturday, May 25, 2013

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭДЭЭЛЭЛ




Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс энэ жилийн хүүхдийн баярыг “Ногоон дэлхий- гэр бүлээс эхтэй” уриан дор явуулах бөгөөд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.
1.    “Ногоон дэлхий- гэр бүлээс эхтэй” гэр бүлийн жагсаал
2.    “Ногоон дэлхий-бидний мөрөөдөл” чимэглэсэн машины жагсаал
3.    “Ногоон дэлхий-биднээс эхтэй” ЕБС-иудын Flash mub бүжгийн тэмцээн
4.    “Нарыг хэн хулгайлсан бэ” хүүхдийн жүжиг Саран хөхөө театрт
5.    Авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн тоглолт
6.    Үдшийн цэнгүүн /галын наадам/
7.    Мөн Хүүхдийн “Хөгжилтэй агшин” тв бичлэгийн уралдаан зэргийг зарлаж байна.
Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдийнхээ хамгийн хөгжилтэй агшиныг хальсанд буулган 5 сарын 28-ны дотор Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст ирүүлнэ үү.
            Тавигдах шаардлага: Бичлэг шаардлага хангасан байх ба 5 минутаас хэтрэхгүй байна.
            Мөн энэ өдөр бүх аж ахуйн нэгжүүд хүүхдэд зориулсан үйлчилгээ үзүүлэх бөгөөд ресторан зоогийн газруудыг хүүхдэд зориулсан menu-гээр үйлчлэхийг уриалж байна.
            Хүүхэд, багачууд та бүхнийг 2013 оны 06 сарын 01-нИЙ өдөр 10 цагаас Төв талбай дээр хүрэлцэн ирж бусад уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй оролцохыг урьж байна.



Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Дорноговь аймагт өчигдөр ажиллалаа.


Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж Дорноговь аймагт өчигдөр ажиллалаа. Тэрбээр аймгийн Хүүхдийн ордонд аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, тэдний тулгамдсан асуудлыг ярилцаж, аймаг орон нутгийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм.

Уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга А.Ганбаатар нар оролцлоо.  

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорноговь аймагт хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд тэр дундаа Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам тавигдсанаар хөгжлийн асар том бүтээн байгуулалт байх болно гэдгийг онцлоод зам дагаж хөгжил ирдэг гэсэн юм. Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж, төр засгаас төрөх насны залуу ээжүүдийг төрийн бодлогоор дэмжих, албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй байх зэрэг хийх ажлынхаа эхнээс ярилаа.

Түүнчлэн нэг жилийн өмнө Их нарт хэмээх байгалийн цогцолбор газрыг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр байгалийн зоо парк болгон хөгжүүлэхээр болж АНУ-ын Деневер мужийн байгалийн зоо парктай хамтын ажиллагааны хөтөлбөр баталсан тухай дурдаж байлаа.

Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөө өглөө Дорноговь аймгаас хөдөлж хөдөллөө.



Thursday, May 23, 2013

РЕСТОРАН ТҮРЭЭСЛЭХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА





Сайншанд сумын  3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын харъяа “Соёмбо цогцолбор”-ын дотор байрлах 523,04 м2 талбайг рестораны зориулалтаар ашиглах төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл сонгон шалгаруулалтаар түрээслүүлэх талбайг эзэмшихдээ Монгол улсын Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвөөс боловсруулан гаргасан MNS 4946:2005 стандартын хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлагад нийцүүлсэн байна.

Төсөл сонгон шалгаруулалтаар ашиглах талбайг тохижуулах, үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг  гэрээнд заасан хугацаанд хийж дуусгасан байна.

Төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлт, заавар, түрээсийн гэрээний нөхцөл болон төсөл сонгон шалгаруулах журмаар түрээслүүлэх талбайн зураг зэрэг нь төслийн баримт бичигт  хавсаргагдана.

Холбогдох мэдээллийг аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын Соёмбо цогцолборын 301 тоотод хүрэлцэн ирж лавлах ба 96622634 утсаар холбоо барьж болно. 
Төсөлд оролцогчдод 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цаг хүртэл төслийн баримт бичгийг худалдана.

Төслийн баримт бичгийн үнэ: 50 000 төгрөг


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ
 НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


СУВДАН СОНДОР ДОРНОГОВИЙН НУТГААР




Монгол эх орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын өвд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой "Сувдан Сондор" найм дахь удаагийн соёл эрдэм шинжилгээний аялал Дорноговь аймгийн нутагт 5-р сарын 17-оос 27-ны өдрүүдэд болно.
Анх яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч С.Эрдэнэ, ардын зураач Н.Цүлтэм, академич Д.Цэрэнсодном, археологич Д.Наваан тэргүүтэй соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн санаачилгаар зохион байгуулж байсан энэхүү хөтөлбөр хэсэг хугацаанд завсарласаны дараагаар Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн нутгаар аялаж байна.
"Сувдан Сондор - 8" энэ удаагийн аялалаар Дорноговь аймгийн 10 гаруй сумдын нутаг дахь түүх, соёл, байгалийн дурсгал, биет болон утга соёлын өвийн судалгааны сан хөмрөгийг арвижуулахын хамт тус аймгийн нутаг дахь аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломжийг судлах тогтоох явдал энэ удаагийн аялалын гол зорилт юм гэж аялалынхан онцолж байна. "Сувдан Сондор - 8" -ыг Монголын Соёл Яруу Найргийн Академи, Лувсанданзанравжаа Академи санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж, Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам, Нью Жуулчин Турс ХХК дэмжин оролцож байгаа аж. СГЗ Ш.Ёолк ахлагчтай телевизийн баг, Радиогийн сэтгүүлч, яруу найрагч О.Цэнд-Аюуш, "Өнөөдөр" сонины сэтгүүлч, яруу найрагч Т.Нямжав нарын хэвлэл мэдээллийн баг ажиллана.
"Сувдан Сондор " энэ удаагийн аялалд Монголын үндэсний олон нийтийн телевиз, радио болон "Өнөөдөр" сонин мэдээллийн түншлэгчээр хамтран оролцож үзэгч сонсогч уншигч олноо мэдээллийг түгээж дэлгэрүүлэхээс гадна, 9-р сард аялалын үр дүнгээр "Сувдан Сондор - 8" үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тусгай ном хэвлүүлэх юм.
"Сувдан Сондор - 8" соёл, эрдэм шинжилгээний аялалд Монголын Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүн, доктор, профессор С.Дулам, НҮБ-ийн био ёс зүйн шинжээч, системийн онол судлаач, доктор, профессор Б.Болдсайхан, Биологийн ухааны доктор, профессор Ц.Жамсран, нэрт судлаач, соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Г.Гонгоржав, шашин судлаач, гавж, доктор Ш.Сонинбаяр, Лувсанданзанравжаа Академийн ерөнхийлөгч, доктор З.Алтангэрэл, палентологич, доктор, профессор Х.Цогтбаатар нарын зэрэг 20 гаруй эрдэмтэн судлаач, уран бүтээлчид, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын албаны баг оролцсон нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялал тус аймгийн нутгаар 2000 гаруй км аялаж шинжлэх ухааны олон салбарын уулзвар дээр цогц судалгаа хийж, түүх соёлын судалгааны сан хөмрөг бүрдүүлэх ажээ.


Санаачлан зохион байгуулагч: Монголын Соёл Яруу Найргийн академи, Лувсанданзанравжаа Академи
Хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгч: Дорноговь аймгийн ЗДТГ
Дэмжигч: Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Говийн ноён хутагтын музей ТББ, Нью жуулчин Турс ХХК
Мэдээллийн түншлэгч:  Монголын үндэсний олон нийтийн телевиз
Монголын үндэсний олон нийтийн радио
 Өнөөдөр сонин

Monday, May 20, 2013

"ДАНЗАНРАВЖАА-210" ОУЭШ-НИЙ V БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Говийн V ноен хутагтын мэлмий гийсний ойд зориулсан "ДАНЗАНРАВЖАА-210" олон улсын эрдэм шинжилгээний V бага хурал аймгийн Соёмбо цогцолборт болж өндөрлөлөө.
Тус эрдэм шинжилгээний хуралд 43 эрдэмтэн, судлаач оролцож байгаагаас Шинжлэх ухааны доктор 8 байлаа. Эрдэм шинжилгээний шүүгчээр СГЗ, Хутагтын музейн захирал З.Алтангэрэл, СГЗ Л.Одончимэд, Доктор профессор Ц.Жамсран нар ажилласан байна.
Тэргүүн байр- С.Дулам
Дэд байр- Ш.Арвай
Гутгаар- Г.Даваахүү
Дөтгөөр- П.Цогтнаран  ӨМӨЗО-ны эрдэмтэн судлаач
Дөтгөөр-Н.Ганхуяг
Эрдэм, судлаач нар дараах сэдвээр илтгэлийг тавьсан юм.
Илтгэлийн дараалал
1.    С.Дулам  / Sc.D / хэл бичгийн ухааны доктор, профессор “Аяа уул олон боловч шүлгийн сэдвээр
2.    С.Хөвсгөл /Sc.D/ Доктор профессор “Саран хөхөөний төгсгөлийн үг”
3.    С.Байгальсайхан Sc.D  “Хутагтаар дамжсан нэгэн дүрслэлийн  уламжлал шинэчлэл”
4.    Д.Сумъяа  Sc.D “Данзанравжаагийн илбийн наадам хэмээх төвд сургаалийн шүлгээс төвдөч Л.Хүрэлбаатарын орчуулж утгыг нээсэн жишээнээс”
5.    Ш. Арвай  Sc.D“Монгол орны өмнөд хил Говийн ноён хутагттай холбогдох нь”
6.    П. Цогтнаран  “Шалтгаан үр шүтэн барилдлага хоосон чанараар хөрөнгөжсөн сав шимийн яруу найраг”
7.    Х.Цэрэндорж “Ноён хутагт Д.Равжаа дээд эрүүл мэндийн онолч”
8.    Д.Гандулам Докторант  “Хөгжмийн зохиолч Д.Бүтэд”
9.    Г.Мэнд-Ооёо  СГЗ, Доктор, профессор “Гэгээнтэн роман тойрсон яриа”
10.    Ш.Сонинбаяр СГЗ, Доктор, профессор “Данзанравжаагийн төвд хэлээр айлдсан нэгэн сургаалийн орчуулга” 
11.    Д. Даваасүрэн Доктор, профессор “Ноён хутагтын нэгэн зохиолын тухай”
12.    Г.Ариунчимэг   “Ноён хутагт Данзанравжаа, Егүзэр хутагт Галсандаш нарын соён гэгээрүүлэх үйлсийг харьцуулан эргэцүүлэхэд”
13.    Д.Цэдэв СГЗ, Sc.D  “Алтангэрэл  багшийн үгийн утга нээх тайлбар хичээл буюу Равжаа хутагтын  нэгэн шүлгийн учир”
14.    Ж.Оюун Sc.D “Говийн бүсийн эмийн чанартай эрдэсийн судалгаа уламжлалт нано технологи”
15.    Ц.Жамсран Ph.D/ Доктор “Сайншандаас Хамарын хийд хүртэлх засмал зам дагуу ойн зурвас байгуулах асуудал”
16.    Г.Цэдэвдорж “Д.Равжаагийн үйлийн үр ба Би-д баригчийн тухай шүлгүүд”
17.    С.Энхтайван “Цаг хугацаагүй орчил дахь оюун ухаан”
18.    О.Чинлүү “Ноён хутагтын яруу найраг дахь хүлэг морьд”
19.    Г.Оюунцэцэг Докторант  “Соён гэгээрүүлэгч ноён хутагт Д.Данзанравжаагийн хүүхдийн дацан сургуулийг орчин цагийн сургалттай уялдуулах нь
20.    Р.Нарантуяа Доктор, профессор “Үлэмжийн чанар дууны шүлгийн нууц увидас”
21.    Б.Энхээ  Доктор “Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, доцент  Дуламсүрэнгийн Цагааны /1927-1998/ “Ноён хутагт Данзанравжаа судлал”-д оруулсан хувь нэмэр”
22.    Р.Отгонбаатар “Vноён хутагтын хоёр хэлээр олдож байгаа зарим бүтээлийн тухай”
23.    Г.Даваахүү Доктор “ Равжаа хутагтын бясалгал хийх агуйгаас одот тэнгэрийг ажигласны учир”
24.    Н.Ганхуяг “Ноён хутагтын 5 эрдэм”
25.    Д.Норов “ VII ноён хутагтын бүтээлч үйлсийг судлах асуудалд”
26.    О.Оюунжаргал  /Ph.D/ Доктор “Сайн ноён аймгийн Сэцэн чин вангийн хошуунаас Түшээт хан аймгийн мэргэн вангийн хошуунд ирж суусан “Тосгон”-ы тухай”
27.    З.Нинжбадгар /Ph.D/ Доктор“3 дугаар ноён хутагт Лувсанжамъянданзанд шавь захирах тамга олгосон тухайд”
28.    Д.Баржав Магистр, дэд профессор “Саран хөхөө жүжгийн Мадимахани хатны дүрийн дэвтэр”-ийн тухай
29.    Б.Болорчимэг Магистрант “Говийн догшин ноён хутагтын байгуулсан сүм хийдийн түүхийн зарим асуудал”
30.    М.Ганбаатар “Тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн хүслийн таван эрдмээр бүтээсэн “Үлэмжийн чанар” тэргүүтэн зарим зохиолд хийсэн шинжлэл”
31.    Э.Эрдэнэдалай “Ханд-дин-аа ба Үлэмжийн чанар”
32.    Д.Баатар “Дадишуари ба түүний зохиосон шүлэг
33.    Со.Чулуун “Равжаа хутагтын оюуны мандалд нэмэрлэх нь
34.    Х.Сүглэгмаа Доктор, профессор “Дэлхийн монгол судлал дахь Равжаа судлалын бүтээлүүд”
35.    Л.Дашням Ph.D, профессор “Ичиг ичиг шүлгийн эргэн тойронд”
36.    ” Б.Баатархүү Ph.D Доктор “Ноён ламын сумын алба, хутагтын мал сүргийн тоо”
37.    Д.Оюунбилэг Магистр  “Эрдэнэт мэргэн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалын аврах, ачлахуй  мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх нь”
38.    Б. Энх-Учрал Докторант “Д.Равжаагийн сургаалийн шүлэг афоризмын асуудалд”
39.    Р.Чулуунбазар “ Утгын өвгөн үгийн таяг тулмой
40.    Г.Цагаандэрэм магистр “Баян сүмбэр уул шүлгийн санааг нягтлахуй”

ХӨГЖИЛД ХАМТДАА БИЗНЕС ФОРУМ СОЁМБО ЦОГЦОЛБОРТ БОЛЛОО


"Хөгжилд хамтдаа" бизнес форум 5-р сарын 17-ны өдөр Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд болж өнгөрлөө.
Форумд Сайншанд сумаас 30, Замын-Үүд сумаас 10, бусад сумд тус бүрээс 2, нийт 70 гаруй бизнес эрхлэгчид, нийт 90 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Бизнес форумд Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга С.Бэхбат, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Л.Цэдэндамба, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ХХК-ийн захирал Ж.Дөлгөөн, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Алгирмаа, Худалдан авах ажиллагааны дарга А.Энхжаргал нар илтгэл мэдээлэл тавьж, орон нутагт бизнес эрхлэх боломжуудын талаар мэдээллийг өгч, бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг сонсож, нэгдсэн мэдээлэл өгч байлаа.
Түүнчлэн төвийн бүсийн өрсөлдөх чадавхиараа аймгуудаас эхний байрт орж байгаа Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарыг тус бүр 3 бизнес эрхлэгчдийн хамт урьж оролцуулсан нь аймгийн бизнес эрхлэгчтэй холбож өгөх, хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна.
Мөн орон нутагт хөгжүүлж болох кластер болон концессын төслийг бизнес эрхлэгчдээр тодорхойлуулсан нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.
Бизнес форумыг Хаан банк 1,0 сая төгрөг, Мэрси Кор Монгол ОУБ-ын Зүүн бүсийн төв 400,0 мянган төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон юм.

Sunday, May 19, 2013

Дорноговь аймгийн залуучууд “Залуучуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт”-тойгоор чуулж байна.





“Залуучуудын хөгжил-Шинэчлэлийн бодлого, зорилт” чуулган Эх дэлхийн Эко хөгжлийн төлөө залуус нэгдэж байна уриатайгаар  Сайншанд хотод эхэллээ. Чуулганыг Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нээж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах аймгийн хөгжлийн чиг хандлага болоод залуусруу чиглэсэн бодлогын талаар илтгэл тавьсан юм. Монголын залуучуудын холбоо, аймгийн залуучуудын холбоо, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар зэрэг залуусруу хандсан бодлого, чиглэл, үйл ажиллагааны талаар тус бүрийн илтгэлийг тавьсан юм.
Төлөөлөгчид өнөөдөр Өглөөний нар харах Сакура аялал зохион байгуулж байгаа бөгөөд Хамрын хийдэд мод тарих ажиллагаа, мөн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Чуулганд манай аймгийн 14 сумын 130 гаруй төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцсон юм.

БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР -ИХ НАРТ



Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын хад, Айраг сумын Хэцүү тээгийн уул орчмын 66769 га газрыг 1996 онд УИХ-ын 43-р тогтоолоор Байгалийн нөөц газрын ангилалаар “Улсын тусгай хамгаалалт”-д авчээ.
Байгалийн мужлалаар говийн бүсэд багтах боловч нутгийн баруун хойд хэсэг нь хээр талын бүсэд хамаарна. Говь хээр хосолсон цөлөрхөг хээрийн энэ бүсэд хотгор гүдгэртэй нам дор болон хад чулуурхаг, элэгдэж эвдэрсэн хавцал, толгодорхог, уулархаг газрууд байдаг. Хуурай, эх газрын уур амьсгалтай, байнгын хүчтэй салхи, шороон шуурга нь тухайн бүс нутгийн ургамал амьтны аймагт их нөлөөлдөг. Говьд усан хангамж бага байдаг боловч Их нартын хөндийд цэнгэг хүйтэн уст булаг шанд их бий.
Эдгээр булаг шанд нь сайранд шингэн орох боловч  хэдэн зуун метрийн цаанаас дахин оргилон гардаг. Зарим булаг нь их хур борооны дараа ил гарч урсдаг. Мөн горхи, булаг шандаас гадна худаг ус, улирлын чанартай жижиг нуур цөөрөм тус нөөц газарт элбэг байдаг. Их нартын булаг шанд, худгийн уснууд маш цэнгэг байдаг боловч жижиг нуур цөөрмийн ихэнх нь уухад тохиромжгүй устай байдаг. Гэвч зэрлэг амьтадын хувьд усны чухал нөөц төдийгүй ховор усны шувуудыг харж болох тохиромжтой газар юм. Халзан уулын рашаан гэх мэт янз бүрийн өвчин анагаах чадалтай рашаан усны нөөцүүд бий.
Их нартын хадан ууланд нь дэлхийд алдартай ховор зэрлэг хонь аргаль угалз элбэг байдаг бол янгир ямаа харьцангуй цөөн бий. Цагаан зээр, хар сүүлт зэрэг нь улирлын чанартай тохиолдоно. Хулан адуу Их нартын өмнө хэсгээр зарим зун тааралдана. Чоно, шилүүс, мануул, үнэг, хярс, халздай дорго, өмхий хүрэн, үен, дэлдэн зараа, дагуурын зараа, атаахай, чичүүл, алаг даахай, үхэр огодой, боролзон туулай, хээрийн болон хадны борогчин, хэдэн зүйлийн гар далавчтан зэрэг жижиг хөхтөн амьтад бий. Их нартын хад, цохионы ангал, ан цавуудад олон зүйлийн шувуудын үүр байдаг нь энд жигүүртэн шувууд амьдрах нөхцөл сайн бүрдсэн байгааг харуулж байна. Өвслөг ургамлууд нь тухайн бүс нутгийн 35 хувийг эзэлдэг. Алтлаг холтостой тарваган харгана, хээрийн бариулт бүйлс зэрэг ховор ургамал ургадаг. Бариулт бүйлс нь үрээр хооллогч мэрэгч амьтад болон навч мөчрийг нь иддэг туруутан амьтадын идэш тэжээлийн чухал эх үүсвэр нь юм. Их нартын чулуунд Хульхан ам, Шинэ усны ам, Хөх усны ам, Элсний ам, Гурван хоногийн ам зэрэг булаг шанд, мод буттай байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг юм.
Нэн тэргүүнд  унаган байгаль, ургамал, амьтанаа хамгаалах шаардлага гарч байгаа тул аймгийн Засаг дарга 2011 оны 2 сард  Их нартад хамгаалалтын захиргаа байгуулах талаар захирамж гарган менежментийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр БОАЖЯ, Их нартын менежментийн төлөвлөгөөг боловсруулан 2012 онд аймгийн ИТХ-аар батлуулан мөрдөж байна.
2013.05.02-ны өдөр Улаанбаатар хотод *Их нартын БНГ-ын хамгаалалтын захиргааны үүргийг Аргаль агнуур судлалын төв* ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээ БОНХЯны ТХГНУГ-ын дарга Т,Эрдэнэчимэг,  Аргал агнуур судлалын төвийн дарга С.Амгаланбаатар, Байгаль орчны газрын дарга Д.Сүрэн нарын хооронд байгуулж гэрээг БОНХСайд С.Оюун, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар баталсан юм. Мөн Даланжаргалан суманд хамгаалалтын байр барих, тэнд ажиллах ажилчдын зардлын төсвийг аймгаас шийдвэрлээд байгаан байна.

Tuesday, May 14, 2013

"НОМ", "АВЬЯАС", "БАГШИЙН ХӨГЖИЛ" ХӨТӨЛБӨРИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Сайншанд хотноо 2013 оны 05 дугаар сар 11 нд “ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛ-МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ”  УРИАН ДОР  “НОМ”,   “АВЬЯАС”,   “БАГШИЙН ХӨГЖИЛ”    хөтөлбөрийн 2012-2013 оны хичээлийн жилийн хэрэгжилтийг ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг бүр тайлагнаж, туршлагаа  солилцон, ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Уг арга хэмжээнд аймгийн нийт сургууль цэцэрлэгийн багш, сурагчид оролцож, уншсан номынхоо агуулгаар дүр бүтээсэн жагсаал,   СШ-ын 1-р сургуулиас  аймгийн төв талбай хүртэл явж, ард иргэдэд хийсэн бүтээснээ сурталчилсан юм.
          
 “Ном, Авьяас, Багшийн хөгжил” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн сургууль цэцэрлэгүүдийг  “Батламж”, нийтдээ 2 сая төгрөгөөр Аймгийн Засаг дарга шагнан урамшууллаа. Үүнд: Замын-үүд, СШ 3-р цэцэрлэг, СШ-ын 2-р цэцэрлэг, Даланжаргалан, СШ-ын 6-р цэцэрлэг, СШ-ын 1, 3, 5-р сургууль, Зүүнбаян, Мандах сумын сургуулиуд бүтээлч ажлаараа тэргүүллээ. “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн СШ-ын 9, 8, 4-р цэцэрлэг, Дэлгэрэх, Иххэт сумын цэцэрлэг, Замын-Үүд, Өргөн, Хатанбулаг Дэлгэрэх, СШ сумын 2-р сургуулийн хамт олон шагнууллаа.
“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд сурагч, багш нарын шилдэг бүтээлийг шалгаруулан Батламж, 245000 төгрөгөөр урамшуулав. Дараах сурагч, багш нар эхний  байрт шалгарлаа. Өргөн сумын 9а ангийн сурагч Ч.Чинбатын хайчилбарын бүтээл, СШ-ын ЕБ-ын 5-р сургуулийн сурагч Ч.Марал-Эрдэнийн “Шигтгээ, хайчилбар, цаасан урлал”,  Алтанширээ сумын 8а ангийн сурагч Д.Уранзаяагийн “Шүрэн урлал”, СШ 1-р сургуулийн “Ясан болон модон урлал”-ын дугуйлан, Хатанбулаг сумын технологийн “Урлахуй” нэрт модон сийлбэр, хатгамлын дугуйлан, СШ-ын 3-р сургуулийн “Цаасан урлал”,”Арьсан урлал”, Эрдэнэ сумын “Барын хайчилбар” дугуйлангийнхан, Мандах сумын цэцэрлэгийн багш П.Хишиг-Эрдэнийн “Цаасан урлал”, Айраг сумын цэцэрлэгийн багш О.Болормаа “Зээгт наамал” бүтээл, 8-р цэцэрлэгийн багш А. Ариунаа “Наамал урлал” бүтээлээр шалгарч, олны хүртээл болголоо.
Ном хөтөлбөрийн хүрээнд иргэдийн дунд “Ховор ном” шалгаруулах үзэсгэлэнд Хатанбулаг сумын өндөр настан Ш.Сугар, Зүүнбаян багийн иргэн Р. Чулуунбазар, Сайншанд сумын 1 багийн иргэн Н.Лантуу, Д.Норов, Ж.Амарзаяа нар эртний гар бичмэл судрууд, барын бичлэгт, шашдир үнэт ховор номуудаа дэлгэн үзүүлж, “Гэрийн шилдэг ном”-ын сангаар Хатанбулаг сумын өндөр настан С. Чулуу, Замын-Үүд сумын иргэн Н.Пүрэвсүрэн, Иххэт сумын Ц.Нэргүй, Сайншанд сумын иргэн Б.Олонбаяр, У.Урантуяа нар шалгарч, Батламж, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

ХУУЛЬЧДЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013.04.15-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа билээ. Энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Хуульчдын нэгдсэн бүртгэлийг мөн өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаанд Хуульзүйн  үндэсний хүрээлэнд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ үү. Хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй бол хуульчийн гэрчилгээ хүчингүй болохыг анхаарна уу.
Холбогдох мэдээллийг www.jurist.gov.mn, www.legalinfo.mn, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн  хэлтсээс лавлана уу.
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС

Saturday, May 11, 2013

ШИЗҮОКА НЭРЭМЖИТ ГУДАМЖИНД МОД ТАРЬЛАА

 




Дорноговь аймаг, Япон улсын Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шизүока мужийн Ойскагийн гишүүд манай аймагт жил бүр мод тарьдаг уламжлал тогтоод байгаа билээ. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2011 онд Сайншанд сумын 2 дугаар 10 жилийн сургуулийн гадна талбайд, 2012 онд аймгийн Хүүхдийн ордны гадна цэцэрлэгт 1000 мод тарьсан билээ.
Өнөөдөр Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шизүокагийн гудамжинд Япон улсын Шизүока мужийн захиргаа, Шизүока-Ойскагийн төлөөлөгчид, Ойска Монгол, Шизүока-Монголын Найрамдлын нийгэмлэгийнхэн, Японы Шизүока мужийн энгийн ард иргэд нийлсэн 25 хүн, аймгийн 10 жилийн сургуулийн 100 сурагч, аймгийн ЗДТГ-ынхан, сумын ИТХ-ынхан  нийлж мод тарьлаа.
Япончууд мод тарихдаа Японы чийг баригч гэж бодисыг хэрэглэж байсан ба үүнийгээ хуурай ус ч гэж нэрлэж байлаа. Энэ бодис нь хөрсөнд ямар нэгэн хор нөлөөгүй, эргээд хөрсөндөө шингэчихдэг бодис юм байна. Ойскагийн төлөөлөгчид Шизүокагийн нэрэмжит гудамжинд мод тарихаас гадна байгаль орчинг хамгаалах, цөлжилтийг сааруулах зорилгоор янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтойгоо, мөн нэрэмжит гудамжаа цаашид тохижуулах талаар ярьж байлаа.

Манай аймгийн баг тамирчид Узбекистан улсын Ташкент хотноо болсон даамны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ





Узбекстаны нийслэл Ташкент хотноо 4-р сарын 28-наас 5-р сарын 5-ны хооронд зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнд манай аймгийн өсвөрийн 9 даамчин амжилттай оролцоод ирлээ.
Энэ жил тэмцээн 6 төрлөөр зохион байгуулагдсан юм. Тэмцээний 14-16 насны эмэгтэй ангилалын үндсэн төрөлд манай аймгаас дэд мастер А.Ичинхорлоо алтан медаль, дэд мастер Э.Саранзаяа мөнгөн медаль, Спортын мастер Э.Одонтуяа 4-р байр эзэлсэн бол эрэгтэй ангилалд Замын-Үүд сумын сурагч н.Хосбаяр хүрэл медаль хүртсэн байна.
Харин 5-7 насны minihope төрлийн эмэгтэйд Э.Хүслэн хүрэл, блицын төрөлд алт, 5-7 насны блицын төрлийн эрэгтэйд А.Лувсан хүрэл медаль авсан байна. Дашрамд дурдахад өнгөрсөн оны азийн аваргад А.Ичинхорлоо блицын төрөлд алтан медаль авч байсан юм. Харин энэ жил үндсэн төрөлдөө аваргалснаар Спортын мастерын болзлыг биелүүлсэн байна.
Мөн манай аймгийн 6 тамирчин ирэх 7 сард Болгарт болох 100 буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна. Өсвөрийн даамчиддаа цаашдынх нь тэмцээн уралдаануудад амжилт хүсье.

Friday, May 10, 2013

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн Сайд А.Гансүх Чойр-Сайншанд чиглэлийн авто замын барилгын ажилтай танилцлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн Сайд А.Гансүх, Монгол Улсад Суугаа Солонгос улсын Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Ли Тэ Ру Монголын Мянганы сорилтын сангийн Автозамын төслийн захирал Батсайхан нарын ажлын хэсэг Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км автозамын барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Орон нутгаас аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, Тээвэр автозамын газрын дарга Г.Чинбат нар ажиллалаа. Уг автозамын барилгын ажил нь төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар 30 орчим км автозамыг асфальтбетоноор хучаад байна.
Мөн энэ үеэр Даланжаргалан, Айраг сумын төвийг улсын чиглэлийн автозамтай холбох талаар гүйцэтгэгч, захиалагч талуудад саналыг тавьсны дагуу судлаж хариу ирүүлэхээр болоод байна.

"ХӨГЖИЛД ХАМТДАА" БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА






2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Бизнес форумыг зохион байгуулахаар товлоод байна. Бизнес форумд Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга С.Бэхбат, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, профессор Л.Цэдэндамба, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ХХК-ийн захирал Ж.Дөлгөөн нар илтгэл мэдээлэл тавьж, орон нутагт бизнес эрхлэх боломжуудын талаар мэдээллийг өгч, бизнес эрхлэгчдээс гарсан саналуудыг сонсож, нэгдсэн мэдээлэл өгнө.
Мөн орон нутагт хөгжүүлж болох кластер болон концессын төслийг бизнес эрхлэгчдээр тодорхойлуулан эрдэмтэн судлаачаар арга зүйн зөвлөгөө өгч төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
Түүнчлэн төвийн бүсийн өрсөлдөх чадавхиараа аймгуудаас эхний байрт орж байгаа Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарыг тус бүр 3 бизнес эрхлэгчдийн хамт урьж оролцуулан аймгийн бизнес эрхлэгчтэй холбож өгөх, хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд чиглэгдэнэ.
Бизнес форум аймгийн Соёмбо цогцолборын хүндэтгэлийн танхимд болно.

                                               АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт болж өнгөрлөө


Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалт зарлагдсаны дагуу 2013.05.09-ний өдрийн 09.00 цагт Дорноговь аймгийн  Сайншанд сумын 1 дүгээр сургууль дээр болж өнгөрлөө.
 ТАМШ-аар 37 ажлын байранд дэс түшмэлийн ангилалд 58 хүн, туслах түшмэлийн ангилалд 33 иргэн нийт 91 хүн бүртгүүлсэн байна.
Шалгалтаар дэс түшмэлийн ангилалд 22 хүн, туслах түшмэлийн ангилалд 29 хүн тэнцэж  нийт 51 хүн шалгалтад тэнцсэн байна.

Thursday, May 9, 2013

Япон улсын Шизүока мужийн төлөөлөгчид манай аймагт ажиллаж байна.



Япон улсын Шизүока мужийн Шизүока-Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагова Масихиро, Группын ахлагч Томита Миёожи нарын 28 төлөөлөгч Дорноговь аймагт ирж ажиллаж байна.
Хоёр муж хоорондын 2013-2014 оны хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалтуудыг хийхээс гадна муж хоорондын билэгдэл болсон гудамжинд аймгийн иргэд, хүүхдүүдтэй хамтран мод тарих юм.
Өнөөдөр болсон уулзалтын үеэр аймгийн нутаг дэвсгэрийн цөлжилтийн эсрэг авч буй үйл ажиллагааны талаар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн О.Азбаяр мэдээлэл хийлээ. Төлөөлөгчид манай аймагт 3 хоног ажиллах юм.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага