Wednesday, April 4, 2012

Герман улстай хамтран ажиллах суурь тавигдлаа

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч 3-р сарын 28-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Уг төрийн айлчлалд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар оролцоод ирсэн юм. Хол явсан хүний үгийг сонсохоор, уг айлчлалын ач холбогдолын талаар тодруулахаар түүнтэй хэдэн хором хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэж байна. 
Та сайн явж ирэв үү? Айлчлал амжилттай болов уу?
Сайн явж ирлээ. Монгол улсын ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал өндөр дээд хэмжээнд амжилттай болж өндөрлөлөө.Герман улс нь жилдээ 2 хүнийг л төрийн айлчлалаараа хүлээж авдаг юм байна. Энэ жил манай улсын ерөнхийлөгчийг төрийн айлчлалаар хүлээж авсан нь тус улсаас манай улстай хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах гэсний илэрхийлэл бол уу гэж бодож байна

Уг айлчлалын онцлог юу байв?
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ХБНГУ-д хийсэн төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний хувьд анх удаа Европт хийж байгаа төрийн айлчлал, мөн тус улсын Ерөнхийлөгч Ё.Гаукийн анхны гадаад зочин гэдэг утгаараа германы хэвлэл, мэдээллийн анхаарлын төвд байлаа.
Ер нь Герман улсын зүгээс Монгол улсын төрийн тэргүүнд гүн хүндэтгэлтэй хандаж байгаа нь айлчлалын алхам бүрт мэдрэгдэж байсан. Герман улсын хил дээрээс тус улсын агаарын нисэх хүчний байлдааны онгоцнууд бидний сууж явсан тусгай үүргийн онгоцыг хамгаалалтанд авч, их буугаар 21 удаа хүндэтгэлийн буудлага хийж, мотоцикльтэй хамгаалагч нар ярайтал зогсож, гудамжаар дүүрэн Герман-Монголын-Европын холбооны далбаа, гудамжаар дүүрэн гайхсан улсууд, Германы ерөнхийлөгчийн оройн зоог барьсан Беллвью өргөөнд бамбар барьсан цэргүүд угтсан гээд зөндөө олон хүндэтгэл, маш олон сюрпризтэй айлчлал болсон.
Би тэр хүндэтгэлийн зоогийн үеэр манай нутгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Д.Туяа гуайтай тааралдсан. Тэрээр: Германчуудыг ингэж хөл алдаж байхийг ерөөсөө үзээгүй гэж байсан.Герман улс дахь элчин сайдын яаманд ажиллаж байгаа юм билээ.
Мөн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрийн айлчлал хийж байгааг тохиолдуулан Бундестагт үг хэлэхийг урьсан нь Герман Улсын зүгээс Монгол Улстай харилцах харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Манай ерөнхийлөгч ч гайхалтай сайхан илтгэл тавьсан.
Айлчлалын үеэр гэрээнүүдэд гарын үсэг зурж, олон төслүүд хэрэгжүүлэхээр болж байх шиг байсан?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүн болсон нэгэн чухал арга хэмжээ 2012 оны 3 дугаар сарын 31-нд ХБНГУ-ын Дюсселдорф хотын Ландсберг шилтгээнд болсон. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээний уулзалт, яриа хэлэлцээнүүдийн үер Ашигт малтмал олборлох, боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгааг хоёр тал санал нэгтэй байсан бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд зарим тодорхой саналыг ажил хэрэг болгох асуудлыг ярьж байсан юм. Тухайлбал Таван толгойн нүүрсийг түшиглэсэн коксын үйлдвэр байгуулах, мөн нүүрсийг шингэрүүлж түлш гаргах чиглэлээр хамтран ажиллах боломжтой болохыг харилцан санал нэгтэй ярьж байв.
Харин айлчлалын үр дүнд дээрх яриа хэлэлцээг тун удахгүй хэрэгжүүлж, эдийн засгийн үр ашгаа богино хугацаанд өгөхийг баталгаажуулсан баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.
- Нүүрс шингэрүүлж түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон “Tyssen Krupp Удэ” ХК –ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав , “Tyssen Krupp Удэ” компанийн гүйцэтгэх захирал А.Хофман нар
-Эрдэс баялаг, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон “Tyssen Krupp”-ийн санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp”-ийн ТУЗ-ийн гишүүн Э. Айхлер, захирал К.Потхофф нар
-Хатуу бодисыг хийжүүлэх тухай лицензийн гэрээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн корпорацийн захирал Я.Батсүх, “Tyssen Krupp Удэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Хофман нар
-Коксын нүүрсний үйлдвэрийг барих төслийг хэрэгжүүлэх тухай санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав , “Tyssen Krupp Удэ” компанийн гүйцэтгэх захирал А.Хофман нар
-Газрын ховор элементын “Халзанбүргэдэй” төсөл дээр хамтран ажиллах тухай санамж бичигт “Монголын үндэсний ховор элемент” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ, “Tyssen Metallurgical Products” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Кнөч нар
-Уул уурхай, эрдэс баялгийн чиглэлээр инженер бэлтгэх, сургах тухай санамж бичигт Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав, “Tyssen Krupp”-ийн ТУЗ-ийн гишүүн Э. Айхлер нар тус тус гарын үсэг зурсан.
Ийнхүү Монгол Улс, Герман Улсын хооронд байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт байгуулсан хэлэлцээр хэрэгжих эхлэл Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалын үеэр бодитойгоор тавигдсан.
Сайншанд аж үйлдвэрийн парктай холбоотой ямар төслүүд хэрэгжихээр болов уу?
Коксын үйлдвэрийг барих төсөл байна.Мөн нүүрсийг шингэрүүлж түлш үйлдвэрлэх төслийг ч Сайншандын орчимд байгуулж болох талаар Ландсбэрг шилтгээнд барьсан үдийн зоогийн үеэр надтай хамт суусан “Tyssen Metallurgical Products” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Кнөч ярьж байсан.Тэрээр иймэрхүү томоохон үйлдвэрлэлийг цогцоор барих нь үр ашиг өндөр байдаг талаар, зөвхөн үр ашиг төдийгүй хүнд үйлдвэрлэлийн олон сөрөг нөлөөллөөс хамгаалахад чухал байдаг талаар мөн Сайншанд нь дэд бүтэц болон дэлхийн хамгийн том зах зээлд ойрхон байдаг талаар ярьж байсан.
Бидэнд Умард Райн Вэст Фален (Nordrhein-Westfalen) мужийн Валсум дах Tyssen Kruppын -2003 онд ашиглалтанд оруулсан Европ дах хамгийн орчин үеийн бас хамгийн том коксийн болон гангийн үйлдвэрийг танилцуулсан.Тэр 2 том үйлдвэрийг дагалдаад маш олон жижиг үйлдвэрүүд нэг нэгнийхээ араас бөөр нийлүүлэн байх юм билээ.Зөвхөн тэр 2 үйлдвэрийн эзэлж байгаа талбай нь 9.5 км2 талбай эзлэх бөгөөд тэр үйлдвэрийн район дотор 50 км урт төмөр зам, 70 км авто зам байгуулсан байх жишээтэй.Уг үйлдвэр жилдээ 3.9 сая тн коксжсон нүүрс боловсруулдаг ба өдөрт 3 сая куб ус хэрэглэдэг гээд л ...тоочвол маш их юм ярина. Мэдээж аварга том үйлдвэр асар их ус хэрэглэдэг л байх.Хэдийгээр бид “Бор хөөвөр”-ийн ус гэж асар их ус байгаа талаар ярьж байгаа боловч Сайншандын аж үйлдвэрийн паркийн хамгийн тулгамдсан асуудал нь цаашдаа ус болох байх, аль нэгэн гол мөрний усыг л яаралтай татах асуудал бол зайлшгүй юм билээ. Мөн Сайншандаасаа нилээд зайтай байхад гэмгүй юм шиг санагдсан, бас нэг зүйл бол аймгийн ИТХ-аас баталсан 1000 га, Засгийн газраас үүрэг болгож нөөцөд авсан нийт талбайн хэмжээг ч гэсэн эргэж харууштай гээд зөндөө л юм байх шиг байна лээ.Мэдээж байгуулагдах үйлдвэрүүдийн том жижиг, цар хүрээнээс хамаарах байх л даа.
Дээрх гэрээнүүдийг харахад Германы талаас дан нэг компани “Тюссен Крупп” гэгчтэй байгуулсан байх юм?
Харин тийм, Tyssen Krupp-ийн талаар маш товчхон мэдээлэл өгөх нь зөв байх.
Дюсселдорф хот дахь “Тюссен Крупп Стийль Европе” (Тyssen Krupp Steel Europe) ХК-ийн Валсум дахь коксын болон гангийн үйлдвэрээр бид очиж танилцсан талаар би түрүүнд хэлсэн.
Дэлхийн 80 гаруй оронд салбартай, 180 мянга гаруй ажилчинтай “Тyssen Krupp” компанийн охин компани болох энэхүү үйлдвэр жилд 15 сая тонн ган төмөр гаргаж байгаа нь уг үйлдвэр хэр зэрэг том, хүчин чадалтай болохыг илтгэж байна. Харин коксжих нүүрсний үйлдвэрт жилд 3.9 сая тонн нүүрсийг коксжуулдаг байна. Нүүрсээ Австрали , Америк, Канад, Бразилаас авдаг гэсэн. “Бидэнд бусад орноос нүүрс худалдан авч тээвэрлэх нь эдийн засгийн хувьд олборлохоосоо илүү ашигтай байна. Манай улс нүүрсээ олон жил олборлож ашиглалаа, одоо бараг 2 мянган метрийн гүнээс олборлох болоод байна. Хэрвээ тээврийн асуудлыг шийдчихвэл бидэнд Монгол Улсаас нүүрс худалдаж авах сонирхол маш их бий. Учир нь монголын Таван толгойн нүүрс чанарын хувьд хамгийн сайн нь, Монголоос жилдээ 1 сая тн коксжсон нүүрс авахад бидэнд хангалттай, даанч логистикийн хувьд их хэцүү байна гэж үйлдвэрийн удирдлагууд нь ярьж байсан.
Ухаа-худагаас туршилтын журмаар бага хэмжээний коксжсон нүүрс авч үзсэн юм билээ.
Тус үйлдвэр нүүрс коксжуулах, ган төмөр үйлдвэрлэх технологиороо дэлхийд дээгүүрт ордог юм байна. “Тюссен Крупп Стийль Европе” дэлхийн хамгийн том зуух, мөн дэлхийн хамгийн аюулгүй үйлдвэрлэлийн технологи Ерөнхийлөгч болон дагалдан яваа хүмүүст үзүүлж танилцуулсан.
Герман улсад үнэндээ төмрийн хүдэр, коксжсон нүүрсийн аль нь ч бараг байхгүй адил, байгаа нь олборлолтын зардал асар өндөр болоод бусад орноос импортлож түүндээ нэмүү өртөг шингээж өөрийн өндөр технологио ашиглаж асар их мөнгийг олж байна шүү дээ.
Дашрамд дурдахад Герман улсын ерөнхийлөгч болон канцлер дээр зөвлөх эрхтэйгээр шууд орох эрх бүхий 4 хувийн хэвшил байдаг юм билээ.Түүний нэг нь Тюссен Крупп, бусдад нь Мерседес бенз, Дойче банк, Сийменс компани.Эдгээр 4 компанийн эрх ашиг гэдэг бол хувийн хэвшлийн эрх ашиг гэхээсээ улс орны тухайлбал Герман улсын эрх ашиг гэж ойлгогдог юм билээ. Энэ 4 компанийн ард тус улсын хүнд аж үйлдвэрийн, автомашин үйлдвэрлэлийн, банк санхүүгийн, мэдээлэл технологийн салбарууд нь багтаж байгаа шүү дээ.
Айчлалын үр дүнгүүд хэзээнээс гарах бол?
Том төслүүд болохоор цаг хугацаа орно л доо. Ер нь сая айлчлалын үеэр нийт дүнгээр 4-5 тэрбум еврогийн их томоохон төслүүд дээр гарын үсэг зурагдсан. Судалгаа, ТЭЗҮ энэ гээд наанадаж таваас дээш жил болох байх.
Айлчлалын үеэр болсон бас нэг сонин мэдээ бол Дуйсэлдорф хотын Ландсбэрг шилтгээнд болсон үдийн зоогийн үер Тюссен Крупп-ын дэд ерөнхийлөгч Клаудио Марсикотой уулзах үеэрээ Герман улсын Умард Райн Вэст Фален (Nordrhein-Westfalen) мужийг Монгол улсын Дорноговь аймагтай шууд харилцаа тогтоох боломжийн талаар тавьсан саналыг маань ихэд олзуурхан хүлээн авч, Умард Райн Вестфален муж улсын эдийн засаг, эрчим хүч, барилга, орон сууц, зам тээврийн сайд Х.К.Фойгтсбэргэрт уламжласан байсан.
Харамсалтай нь төрийн айлчлал бол бүх зүйл урьдчилан төлөвлөгдөж протоколын дагуу явагддаг учир хамтын ажиллагааны эхлэл тавих гэрээнд гарын үсэг зурах боломж олдоогүй.Манай зүгээс ч бас урьдчилан бэлтгэсэн бэлтгэл байгаагүй л дээ. Энэ талаараа би бас тэр үед нь бидний хооронд ийм яриа болж их хурдан ажил төрөл болох янзтай байгаа талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Пүрэвсүрэнд хэлсэн.Хэдүүлээ дараа ажил хэрэг болгоё оо, одоо цаг дэндүү давчуу байна гэж байсан. Тюссэн Круппийн нөхдүүд бид ярьсан зүйлээ ажил хэрэг болгоно, манай компани хамтын ажиллагааны эхлэлийг тавихад бүх зардлыг нь даана, танай аймагтай манай муж удахгүй шууд харилцаа тогтоох болноо гээд үлдсэн.Мэдээж тэр том тив дамнасан компанийн сонирхол Сайншандын хүнд аж үйлдвэрийн паркийг л сонирхож байна л даа.
Би энд ирсэн хойноо бас тэдэнд талархлын захидал явуулчихаад байж байна.
Айлчлалтай холбоотой асуугаагүй орхисон зүйл байвал, сүүлчийн асуултыг таньд үлдээе? 
Монгол улсын хувьд ч тэр манай аймгийн хувьд ч тэр түүхэн боломжийн өмнө зогсож байна. Даанч улс төр нь түрүүлж хөгжөөд эргээд эдийн засгаа боомилоод байх юм даа. Боломж гэдэг олон дахин олддог зүйл биш юм гэнэ лээ. Герман улсад болсон өндөр дээд хэмжээний уулзалтуудын үеэр тэд манайхаас улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг хүсч байгаа нь мэдрэгдэж байсан.
Энэ айлчлалын үеэр миний толгойд байнга эргэлдэж байсан нэг бодол бол энэ түүхэн боломжийг л бид яагаад ч алдаж болохгүй дээ л гэж бодож байсан. Байгалийн баялагаа зөв ухаантай зарцуулаад түүнээс олсон хуримтлалын мөнгөөрөө хүнээ хөгжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх, орчин үеийн шинэ, техник технологи но-хауг нэвтрүүлэхэд зарцуулахад л улс орон маш богино хугацаанд хөгжиж дэвжинэ дээ. Урьд нь биднийг уриад байхад бас гуйгаад байхад тоодоггүй байсан том гүрнүүд одоо хошуу дэвсэж байна. Нөгөө залуу сайхан байхад нь эргүүлээд байхад тоохгүй насны эцэст ганцаараа болсон эмэгтэйг юу гэдэг билээ, цуутай хүүхэн хуримгүй гэдэг байхаа. Тийм явдал л манай улсад битгий давтагдаасай л гэж бодож байна даа.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Мэдээллийн эх сурвалж: http://www.dornogobi-ith.gov.mn

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага